Барууны улс орнууд Жиддагийн хэлэлцээний үр дүнг сайшаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-03-12 10:32:18

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 12 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Европын Холбооны /ЕХ/орнуудын эрх баригчид болон Европын зарим улсын удирдагчид Саудын Арабын Жидда хотноо болсон Украины асуудлаарх хэлэлцээний үр дүн болон 30 хоногийн хугацаанд гал зогсоох тухай АНУ-ын дэвшүүлсэн саналыг Украины тал хүлээж авсан явдлыг сайшаалаа. Ойрын үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй гал зогсоох төлөвлөгөөг хэлэлцэнэ гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гуравдугаар 12-ны мягмар гарагт шилжих шөнө мэдэгджээ. 


Д.Трамп Цагаан ордны өмнө сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, Украины тал гал зогсооход бэлэн байгаагаа илэрхийлсэн нь "чухал алхам боллоо" хэмээн онцолжээ. Үүний сацуу тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ч мөн адил гал зогсоох хэлэлцээр байгуулахыг зөвшөөрнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. 

Европын Холбоо хэлэлцээний үр дүнг сайшааж байна

ЕХ-ны эрх баригчид Жиддад болсон хэлэлцээний үр дүнг мөн өндрөөр үнэлэв. “Энэхүү хэлэлцээ бол Украины хувьд цогц, бат бөх, шударга энх тайвныг тогтооход чиглэсэн алхам болох магадлалтай” гэж Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, ЕХ-ны Зөвлөлийн дарга Антониу Кошта нар олон нийтийн Х сүлжээнд бичжээ. Украинд 30 хоногийн хугацаанд гал зогсоох тухай АНУ-ын саналыг Оросын тал дэмжихэд бэлэн байгаа эсэх тухайд дурдахдаа "бөмбөг одоо тэдний талбайд байна" гэсэн байна. 


ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд: Дайнд "эргэлтийн мөч" тохиож байна

Харин Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок Саудын Арабад болсон хэлэлцээний үр дүнгийн талаар мэдэгдэхдээ, эдгээр хэлэлцээ нь бат бөх энх тайван тогтоож, аюулгүй байдлаа хангах гэсэн Украины эрмэлзэлд "чухал, эргэлтийн мөч" болж магадгүй гэлээ.


А.Бербок мөн "Герман улс болон тус улсын түншүүд Украины ард түмнийг энэ замд үргэлжлүүлэн дэмжинэ" хэмээн мэдэгдээд "Одоо түрэмгий дайнаа зогсоох эсэх нь Оросоос шалтгаална" гэж онцолжээ.


Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер 

Их Британийн Ерөнхий сайд К.Стармер Украин, АНУ-ын төлөөлөгчдийн хооронд Жидда хотод болсон Украины асуудлаарх хэлэлцээний үр дүнг мөн сайшаажээ. Тэрбээр уг хэлэлцээг "онцгой үйл явдал" гэж тодорхойлоод "бөмбөг одоо Оросын талбайд байна", өөрөөр хэлбэл үйл явц Москвагийн гаргах шийдвэрээс шалтгаална гэдгийг онцолсон байна. "Орос улс одоо гал зогсоохыг зөвшөөрөх ёстой" гэж К.Стармер мэдэгдлээ. 


Их Британийн Засгийн газрын тэргүүн Украиныг дэмжиж буй орнуудын удирдагчидтай гуравдугаар сарын 15-нд утсаар ярьж, “мөргөлдөөнийг зогсоох тохиролцоонд хүрсэн тохиолдолд Украиныг булаан эзлэх гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний оролдлогоос сэргийлэх үүднээс энхийг сахиулах хүчнийг байрлуулах" тухай асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.


Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон

Францын Ерөнхийлөгч Э.Макрон 30 хоногийн хугацаанд гал зогсоох тухай АНУ-ын дэвшүүлсэн саналыг Украины тал хүлээж авсныг мөн сайшаажээ. 


“Бөмбөг одоо маргаангүй Оросын талбайд байна” гэж тэрбээр Х сүлжээнд бичээд "Франц болон түнш орнууд Украины аюулгүй байдлын баталгаагаар баталгаажсан тогтвортой, бат бөх энх тайвныг тогтоохыг дэмжсэн хэвээр байгаа" гэдгийг онцолсон байна. 


Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони

Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони ч мөн адил байр суурийг илэрхийлж, "хэлэлцээний үр дүнг сайшааж байгаагаа" мэдэгджээ. "Украины аюулгүй байдлыг урт хугацаанд баталгаажуулсан шударга энх тайвныг тогтоохын төлөө Ерөнхийлөгч Дональд Трампын удирдлага дор гаргаж буй хүчин чармайлтыг Итали улс бүрэн дэмжиж байна. Одоо шийдвэр Оросын талаас шалтгаална" гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Харин Польшийн Ерөнхий сайд Дональд Туск "Америкчууд болон украинчууд энх тайван тогтоох чиглэлд чухал алхам хийлээ. Хэрэв эдгээр хүчин чармайлт "шударга, бат бөх энх тайвныг тогтооход чиглэсэн бол Европ дэмжихэд бэлэн байна" гэж  Х сүлжээнд бичжээ. 

Холбоотой мэдээ