Саран дээр GPS ажиллаж эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 12 /new-science.ru/. 2025 оны гуравдугаар сарын 2 бол сансар судлалын түүхэн дэх онцгой өдөр юм. Учир нь, Сарны гадаргуу дээр анх удаагаа байршил тогтоох GPS систем амжилттай ажиллалаа. Технологийн энэхүү ололт нь НАСА-гийн “Артемида” зэрэг ирээдүйд хэрэгжүүлэх сансар судлалын хөтөлбөрүүдийн хувьд шинэ хэтийн төлвийг нээж байна.
Дэлхий дээр GPS систем ердийн
хэрэглээ болсон бөгөөд ухаалаг гар утас, авто машинууд, нисэх онгоцууд бүгд хиймэл
дагуулын системийн тусламжтайгаар зүг чиг, байрлалыг тодорхойлдог. Харин Саран
дээр нөхцөл байдал тэс ондоо. Газрын баримжаа болох зүйл огт байхгүй асар том
хоосон орон зай, цөлжсөн гадаргуу нь зах хязгааргүй далай дундуур луужингүйгээр сэлж буйтай адил.
Харин НАСА ба Италийн сансрын
агентлагийн хамтран явуулсан LuGRE (Lunar GNSS Receiver Experiment) туршилт нь
энэхүү асуудлыг шийдвэрлэх эхний алхам боллоо. "Firefly Aerospace"
компанид бүтээж, энэ сарын 2-ны өдөр Саран дээр амжилттай газардуулсан "Blue
Ghost" гэдэг буугч модуль дээр уг технологийг суурилуулсан байна. LuGRE туршилтын
явцад Дэлхий дээр ашигладаг GPS ба Galileo системүүдийн дохиог Дэлхийгээс 360
мянган км-ийн алсад орших Саран дээр ашиглах боломжтой гэдгийг баталсан байна. LuGRE-гийн
төхөөрөмж нь хиймэл дагуулын GNSS системийн дохиог хүлээн авсныхаа дараа өөрийн
байршлыг асар өндөр нарийвчлалтайгаар тогтоожээ.
Буугч модуль Саран дээр буухаас
өмнө LuGRE төхөөрөмж хэд хэдэн рекорд амжилт тогтоосон юм. Тухайлбал, нэгдүгээр
сарын 21-нд Дэлхийгээс 338 мянган км-ийн зайд GNSS системийн дохиог хүлээн
авсан бол хоёрдугаар сарын 20-нд Дэлхийгээс 391 мянган км-ийн зайд дохиог
бүртгэн авчээ. Өөрөөр хэлбэл, Дэлхий ба Сарны хоорондох орон зайд GNSS систем
ажиллах боломжтой гэдэг нь батлагдсан байна.
Ингэснээр сансар судлалд эргэлт гарлаа. Тодруулбал,
Дэлхий дээрх станцуудаас хамааралт байдал багасах бөгөөд хүмүүсийг Саран дээр
удаан хугацаанд амьдруулах зорилготой “Артемида” хөтөлбөрийн хувьд Сарны GPS
систем амин чухал ач холбогдолтой. Цаашдаа шинэ технологийг ашиглан Ангараг гараг
дээр буух, түүнээс цааш нисэх үед бие даасан GPS системийн ач холбогдлыг үнэлж
баршгүй.