Р.Дутертег Нидерландад цагдан хорьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АМСТЕРДАМ, 2025 оны гуравдугаар сарын 13 /Reuters/. Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутерте лхагва гарагт Нидерландад иржээ. Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/ түүнийг “хар тамхины эсрэг дайн”-ы хэрэгт холбогдуулан шүүх гэж байна.
“Ноён
Родриго Роа Дутерте Олон улсын эрүүгийн шүүхийн цагдан хорих шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг
үйлдсэн хэргээр баривчлах тушаалын дагуу Филиппиний эрх баригчид түүнийг баривчилсан” гэж ОУЭШ-ийн
мэдэгдэлд дурджээ.
ОУЭШ-ийн
ахлах прокурор Карим Хан
мэдэгдэхдээ, баривчлах тушаалыг гүйцэтгэсэн нь хохирогчдод чухал ач холбогдолтойг онцоллоо. “Олон улсын эрх зүй бидний хүсэж байгаа шиг хүчтэй биш гэж олон
хүн хэлдэг. Би үүнтэй санал нийлж байна. Гэхдээ олон улсын хууль тогтоомж зарим хүмүүсийн бодож байгаа шиг
тийм ч сул биш гэдгийг би нэг бус
удаа дурдаж байсан” гэж тэрбээр
нэмж хэлжээ.
Р.Дутертег
мягмар гарагт Филиппиний нийслэл Манила хотын нисэх буудалд баривчилсан юм. Дараа нь тэрбээр Нидерландыг зорих нисэх онгоцонд суужээ. Р.Дутерте онгоц газардахын өмнө олон нийтийн сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэгтээ “Би бол улсынхаа хууль сахиулах байгууллага,
цэргийнхнийг удирдаж байсан хүн. Би та бүхнийг хамгаална гэж
хэлсэн, энэ бүхний хариуцлагыг би үүрэх болно” гэж хэлсэн
байна.
Тэрбээр цааш нь "Би цагдаа, цэргийнхэнд хандан энэ бол миний ажил, би хариуцлага
хүлээх ёстой гэж хэлсээр ирсэн. Хуулийн процесс урт удаан үргэлжлэх болно,
гэхдээ би улс орныхоо төлөөх хүчин зүтгэсээр байх болно гэдгээ та
нарт хэлмээр байна" гэв.
Хааг хотод болох шүүх
хурлыг ойрын өдрүүдэд товлох төлөвтэй байгаа бөгөөд Р.Дутертег Нидерландын
эрэг дэх цагдан хорих төвд хүргэжээ. Өдгөө 79 настай ерөнхийлөгч асан бүх насаараа хоригдох ял сонсож магадгүй байна. Тэрбээр өөрт нь
ял оноохын эсрэг тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн байна.