Хүнсний нэр томьёоны толь 25 мянган үгийн сантай

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-03-13 16:56:08

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Парламентын номын сан хамтран “Хүнсний нэр томьёоны толь”  гурван ботийг танилцуулж, зохиогч, уншигчдын уулзалтыг өнөөдөр зохион байгуулав.


Энэхүү толь нь мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, үр тариа, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, ус, ундааны үйлдвэрлэл, лабораторийн тоног төхөөрөмж, хүнсний үйлдвэрлэл, хоол зүй, шим тэжээл, салбарын хууль, эрх зүй болон хүнсний аюулгүй байдал зэрэг 25 мянган үгийн сантай, монгол, англи, орос хэл дээрх нэр томьёог монгол бичигт хөрвүүлсэн бүтээл юм.

Хүнсний технологийн салбарын тэргүүлэх эрдэмтэн судлаачид хүнсний салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэл, практик үйл ажиллагаанд өргөн хэрэглэдэг нэр томьёоны тодорхойлолт, хэллэгийг жигдрүүлж цэгцлэн, уншигчдад ойлгомжтой хэлбэрээр, мэргэжлийн өндөр түвшинд шинжлэх ухааны үндэслэлтэй хянан нягталсан толийг бүтээжээ.

 

Уулзалтад номын зохиогчид болон УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, холбогдох яам, агентлагийнхнаас гадна нийслэлийн иргэдийн төлөөлөл, парламентын номын сангийн уншигчид зэрэг 50 гаруй хүн оролцлоо.

Холбоотой мэдээ