Дундговь аймаг нийслэл хот, говийн бүсийн ханган нийлүүлэлтийн төв болон хөгжих боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-13 17:11:21

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар, М.Мандхай нарын хамт Дундговь аймагт өнөөдөр ажиллалаа.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан таван нам эвслээс бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламентын стратеги төлөвлөгөө, баримтлах бодлогыг танилцуулав. Ирэх дөрвөн жилд хэрэгжих УИХ-ын стратеги төлөвлөгөө нь парламентын засаглалыг хөгжүүлж, хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд түшиглэсэн эрх зүйн орчныг бий болгоход чиглэж буйг хэллээ. Тэрбээр УИХ стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа олон улсын жишиг аргачлалыг судалж, мэргэжлийн байгууллагуудын санал бодлыг нээлттэй тусгасан талаар дэлгэрэнгүй танилцуулав. Ингэхдээ, хүнээ дээдэлсэн, эрхийг нь хамгаалсан хууль эрх зүйн шинэ орчныг бүрдүүлж, хүн төвтэй байх зарчмыг эрхэм зорилго болгосон гэлээ.

 

УИХ-ын дарга хэлэхдээ олон нам эвслийн төлөөллөөс бүрдсэн энэ удаагийн парламент 30 жилийн турш улстөржиж гацсан, Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг удаашруулсан асуудлуудыг зөвшилцлийн аргаар шийдэж, томоохон төслүүдийг урагшуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн нь том ахиц дэвшил хэмээн онцлон тэмдэглэв. Түүнчлэн Улаанбаатар хотоос 265 км зайд орших Дундговь аймаг нь газар зүйн байршлынхаа онцлогт тулгуурлан нийслэл хот, говийн бүсийн ханган нийлүүлэлтийн төв болон хурдацтай хөгжих боломжтойг онцоллоо.

 

Үргэлжлүүлэн, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун хаврын чуулганаар хэлэлцэх зарим хууль тогтоомжийн тухай болон Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн талаар байр сууриа илэрхийлэв. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй уг хуулиар 100 мянгаас дээш хүн амтай аймагт төр хувийн хэвшлийн түншлэлийн ажлыг явуулж болно гэсэн агуулга бүхий заалт нь тухайлбал, 46 мянган хүн амтай Дундговь аймагт томоохон бүтээн байгуулалт, хамтарсан хөрөнгө оруулалт зэргийг хийж хэрэгжүүлэх эрх зүйн боломжийг хязгаарлаж байгаа аж. Тиймээс УИХ дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цөөн хүн амтай аймаг орон нутгийн хөгжлийг дэмжих эрх зүйн орчныг сайжруулах хүсэлтийг УИХ-ын даргад уламжиллаа. Мөн тэрбээр УИХ-аар Төрийн албаны шинэчлэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан, төрийн албыг илүү хүртээмжтэй, чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлэх үүднээс шалгуур үзүүлэлтийг уян хатан болгох шаардлагатайг тус аймгийн жишээн дээр онцлов. УИХ-ын дарга болон гишүүд аймгийн удирдлагын тавьсан эдгээр асуудалд онцгой анхаарч эрх зүйн шийдлийг боловсруулахад хамтарч ажиллахаа илэрхийллээ.

 

Мөн уулзалтаар Дундговь аймгийн иргэд орон нутагт тулгамдаж буй асуудлууд, төсвийн хөрөнгө оруулалт шаардлагатай зарим бүтээн байгуулалтын ажлууд болон хууль, тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд асуулт тавьж, хариулт авлаа. Иргэд цахилгаан дулааны үнийн шөнийн тарифын хөнгөлөлт, Дундговь аймагт баригдаж буй дулааны станцын гүйцэтгэл, сургууль, эмнэлгийн барилгын шинэчлэл, уул уурхайн нөхөн сэргээлт зэрэг салбар бүрийн асуудлуудыг дэвшүүлж, нээлттэй ярилцав. Уулзалтын төгсгөлд Дундговь аймагт ийнхүү арван жилийн дараа УИХ-ын дарга ирж ажиллаж буйд нутгийн иргэд талархал илэрхийлэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ