БАЯНХОНГОР: 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Газар хөдлөлт Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс баруун хойд зүгт 20 км, Богд сумын төвөөс баруун урд зүгт 52 км, Баянлиг сумын төвөөс баруун хойд зүгт 59 км-т бүртгэгдсэн тухай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Тухайн газар нь Улаанбаатар хотоос 850 км, аймгийн төвөөс 230 км зайтай бөгөөд аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянговь сум дахь Эрэн хайр, аврах бүлгээс тодруулахад, иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэлээ.
Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхжилт өндөр бүсэд багтдаг. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх, барилгын норм ба дүрэм"-д Баянхонгор аймгийн
-Баянлиг, Баянговь, Баян-Өндөр, Баянцагаан, Заг, Жаргалант сумын нутаг дэвсгэр газар хөдлөлтийн 9 баллын бүсэд,
-Баянхонгор, Өлзийт, Богд, Шинэжинст, Баян-Овоо, Бөмбөгөр, Баянбулаг, Гурванбулаг, Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэр 8 баллын бүсэд,
-Баацагаан, Галуут, Жинст, Бууцагаан, Хүрээмарал сум 7 баллын бүсэд хамаарна гэж нормчлон тогтоосон байдаг байна.
Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтад орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагарлын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүсдэг.
Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг байна.
Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, 10-аас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.