С.Одонтуяа: Дулаалгатай гэр, пассив хаусын хэрэглээг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-03-19 13:37:46

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах ажлыг төрийн захиргааны бүх байгууллага болон олон нийтийн аян болгож өрнүүлнэ. Ингэхдээ дулаалгатай гэр, пассив хаусын хэрэглээг дэмжихийг БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа мэдээлэв.


Засгийн газрын ээлжит хуралдаанаар арилжааны банкууд ялангуяа Төрийн банк хөнгөлөлттэй зээл олгоход түлхүү анхаарч ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосон. Учир нь ногоон зээлийн хүү багасгах, хүүгийн зөрүүг шийдэхгүйгээр зээл олгох нь сайжрахгүйг тэрбээр тэмдэглэсэн юм.  


Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны эрдэмтдийн зөвлөлд маш олон хүн санал ирүүлж, өөрсдийн хийж бүтээсэн ажлаа танилцуулжээ. Тэдгээрээс үр өгөөжтэй, сайн, шилдэг шийдлийг дүгнэж, байраа дулаалах иргэдэд янз бүрийн сонголтыг санал болгон зөвлөх юм байна. 


БОУАӨЯ-наас 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг 173 уурын зуух, 2263 аж ахуйн нэгжийг есдүгээр сарын нэгнээс түүхий нүүрс түлэхгүй байх албан бичиг өгчихөөд байгаа. Аж ахуйн нэгжүүдийн нэг хувийн орлогын албан татвараас агаарын бохирдлыг бууруулахад зарцуулна гэснийг эрчимжүүлэх үүднээс БОУАӨ-ийн сайд тэдний удирдлагуудтай уулзан, гэр хороололд амьдардаг ажилтнуудынхаа асуудлыг хэрхэн шийдэх зэргийг ярилцахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ