Т.Мөнхсайхан: 12 жилийн дараа бүх хүүхэд амны хөндийн өвчлөлгүй, эрүүл мэндийн боловсролтой иргэн болж төлөвшинө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-20 14:18:06

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” сэдэвт Нүүр ам, судлалын үндэсний II зөвлөгөөнийг Төрийн ордонд өнөөдөр зохион байгууллаа.


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан зөвлөгөөний үеэр хэлсэн үгэндээ, “Шүд, амны хөндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг 1999 оноос хойш хэрэгжүүлсэн. Гэсэн хэдий ч хүн амын дунд шүдний өвчлөл төдийлөн сайн буурахгүй байна. Энэ нь бодлогын хувьд томоохон шинэчлэл өөрчлөлт хийх шаардлагатай болохыг харуулж байна.


Засгийн газраас 2024-2025 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын дунд нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг орон даяар зохион байгуулж буй. Эрт илрүүлгийн хүрээнд улсын хэмжээнд нийт 80 мянган хүүхдийг шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаас нийслэлийн хэмжээнд 40 мянган хүүхдийг хамруулаад байна. Тэдгээр хүүхдийн 90 хувь нь шүдний өвчлөлтэй гэж гарсан. Одоогийн байдлаар, тэдгээр хүүхдийн 20 хувийг нь эмчилгээнд хамрууллаа. Үлдсэн хүүхдүүдийг эрүүлжүүлэх ажил ирэх улиралд үргэлжилнэ. Үүний зэрэгцээ орон нутгийн үзлэгийг ирэх сараас эхлүүлнэ. Ингэснээр бүх 6 настнууд хяналтад хамрагдах болно.


Тэдгээр хүүхдүүд дараа жил хоёрдугаар ангидаа үзлэгт дахин хамрагдана. Хэрэв тухайн хүүхдийн шүд өвдсөн байвал эцэг эх, асран хамгаалагчид, багш, сурган хүмүүжүүлэгчидтэй тулж ажиллана. Бид энэхүү бодлого, үйл ажиллагааг тогтолцоо болгож хэвшүүлбэл 12 жилийн дараа ЕБС төгсөж буй бүх хүүхэд амны хөндийн өвчлөлгүй, эрүүл мэндийн боловсролтой иргэн болж төлөвших юм” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, “Сүүлийн жилүүдэд шүдний өвчлөл өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Эрт илрүүлгийн хүрээнд нэгтгэсэн тоо баримтыг харахад, харамсалтай үзүүлэлт гарч буй. Өнөөгийн 6 настай хүүхдүүд бол Монгол Улсын хойч үе гэсэн үг. Хүүхэд залуус эрүүл иргэн болж өсөж өндийхгүй бол ирээдүйд эмнэлэгт ихээхэн ачаалал, төвлөрөл үүснэ. Тиймээс одооноос эрүүл мэндийн байгууллага, ЕБС, цэцэрлэг, эцэг эхчүүд, асран хамгаалагчид минь үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд онцгойлон анхаарах цаг нь болжээ. Шүд угаах тал дээр эцэг эх, асран хамгаалагчдад чиглэсэн ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Өнөөдөр манай иргэд цахим орчноос маш их мэдээлэл авч байгаа ч ихэнх тохиолдолд эцэг эхчүүд зөв мэдээлэл авч чадахгүй байна. Тиймээс нөлөөллийн ажлыг зохиож, иргэдийнхээ эрүүл мэндийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, цаашлаад эрүүл хандлага, зан үйлийг нь хэвшүүлэхэд анхаарч ажиллана” гэв.


Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан зөвлөх О.Цэцэгбал, "Сүүлийн 20 гаруй жилд хэрэгжүүлсэн шүдний өвчлөлийг бууруулах, амны хөндийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрийн үр дүнд сэтгэл хангалуун бус байгаагаа хэлж байлаа. Тэрбээр зургаан настнуудын дунд амны хөндийн өвчлөл 86-90 хувьтай байгаа тул үзлэгт хамруулах хүүхдийн насыг бууруулж 2 болгох хэрэгтэй. Үүний зэрэгцээ эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг угааж өгдөг байх, дадал хэвшил олгох, эрүүл хоол хүнс сонгож хэрэглэдэг чадамж олгох хэрэгтэй" хэмээв.


Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан, “Нийт хүн амын 5 хувь нь эрүүл дадал, зан үйлийг өөртөө хэвшүүлсэн бол 95 хувь нь огт хэвшүүлээгүй гэсэн судалгааны дүн гарсан. Энэхүү тоон үзүүлэлт нь манай иргэдийн дунд эрүүл мэндийн боловсрол, мэдлэг хангалтгүй байгааг харуулж байна. Эцэг эх, асран хамгаалагчдын дунд амны хөндийн эрүүл мэнд болон эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, хүүхдэд шүдээ зөв арчлах дадал төлөвшүүлдэггүй, эрүүл зан үйлийг дэмжих орчин бүрдүүлдэггүй, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг дэмждэг, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаггүй нь хүүхдийн шүд цоорох өвчний гол шалтгаан болж байна" хэмээв.  


Сонгинохайрхан дүүргийн Шүдний эмч Г.Ганцэцэг, "2-6 насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл өндөр байна. Зургаан настнуудын дунд шүдний үзлэг явуулахад эрүүл шүдтэй хүүхэд ердөө 10 хувьтай байлаа. Тэгэхээр “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн болон ЭМЯ-наас дэвшүүлж буй зорилтот хөтөлбөрийн хэрэгжилт ончтой байна гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь, эмчийн орон тоо, тоног төхөөрөмж, эм материалын хангамж зэрэгт бодлого боловсруулагчид анхаарал хандуулна байх гэж бодож байна" гэсэн бодолтой явдгаа хэллээ.


Нүүр ам, судлалын үндэсний II зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөн хамтран зохион байгуулав. Зөвлөгөөний хүрээнд Эрүүл мэндийн яамнаас "24/3  Зөв угаа” буюу 24 цагт 3 удаа шүдээ угааж хэвшүүлэхийг зорилгоо болгосон нэг сарын аяныг эхлүүлж буйг зарласан юм.



Холбоотой мэдээ