Э.Баттулга: Монгол Улс гамшгийг илрүүлэхийн тулд технологийн шинэчлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас “Дэлхийн усны өдөр” болон “Цаг уурын өдөр”-ийг тохиолдуулан “Мөстөл, мөсөн голын хадгалалт, хамгаалалт, эрт сэрэмжлүүлгийн тогтолцоонд учрах саад бэрхшээлийг хамтдаа шийдье” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.
Энэ жил “Дэлхийн усны өдөр”-ийг “Мөстөл, мөсөн голын хадгалалт, хамгаалалт” уриан дор тэмдэглэж буй. Харин “Дэлхийн цаг уурын өдөр”-ийг “Эрт сэрэмжлүүлгийн тогтолцоонд учрах саад бэрхшээлийг хамтдаа шийдье” уриан дор тэмдэглэж байна. Энэхүү уриа нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хурдтай хайлж байгаа мөстөл, мөсөн голыг шинжлэх ухааны үндэстэй, орчин үеийн технологи ашиглан хамгаалах, мөн жилээс жилд тохиолдол давтамж, эрчим нь нэмэгдэж буй ус, цаг уурын гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэхэд учирч буй саад бэрхшээлийг шийдэж, хүн бүрд эрт сэрэмжлүүлгийг цаг алдалгүй хүргэхэд гол анхаарлаа хандуулах зорилготой ажээ.
Энэ талаар ЦУОШГ-ын дарга Э.Баттулга ярихдаа, “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явж байна. 2024 онд дэлхийн хамгийн дулаан жил болсон. Үүнтэй холбоотой гамшгийн үзэгдэл, тоо давтамж тэр хэрээр нэмэгдсэн. Гамшгаас сэргийлэхийн тулд иргэдэд мэдээллийг хурдан шуурхай хүргэх хэрэгтэй. Монгол Улсын хувьд гамшиг болох гэж байгааг илрүүлэхийн тулд технологийн том шинэчлэлийг хийнэ. Сүүлийн үеийн компьютерыг цаг уурын үйл ажиллагаанд энэ жилээс ашиглаж эхэлнэ. Мөн и-монголиа, банкны аппликейшнээр дамжуулан хүргэдэг байсан мэдээллийг “Ддэш” компанитай хамтран орон нутгийн хэрэглэгчдэд шууд хүргэх ажлыг эхлүүлэхээр боллоо. Ингэснээр эрт сэрэмжлүүлгийн тал дээр том дэвшил гарч байгаа юм” гэв.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлын хүрээнд мэргэжилтнүүд үндсэн гурван илтгэл тавив. Үүнээс хамгийн их анхаарал татаж буй мөнх цаст мөсөн гол сүүлийн жилүүдэд хурдацтай хайлж байгаа талаар хөндсөн юм. Мөнх цаст, мөсөн гол хурдацтай хайлж байгаа нь баруун бүс нутгийн хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, иргэдийн амьдралд усны нөөц хомсдох, бэлчээр доройтох, цөлжилт хурдтай явах шалтгаан болжээ. Тиймээс мөсөн голын хайлалтын шалтгааныг судлах, хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох замаар сэрэмжлүүлэх, хамгаалах боломжийг бүрдүүлэх, 42 хөв цөөрмийн гадаргуун усыг хуримтлуулах, хиймэл нуурыг баруун бүсэд байгуулахаар төлөвлөсөн байна.
Хурлын үеэр эрдэмтэн судлаачид газар, сансрын ажиглалт, мониторинг, анализ, урьдчилан мэдээлэх загварчлалыг сайжруулах нь чухал байгааг онцолсон юм. Энэ чиглэлээр Ус, цаг уурын алба НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн АДАПТ төсөлтэй хамтран шинэ суперкомпьютер суурилуулахаар төлөвлөсөн байна. Суперкомпьютерын шинэ систем нэвтэрснээр гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэх хугацаа нэмэгдэж, орон зайн нарийвчлал сайжирч, нийгэм, эдийн засагт үйлчлэх бүтээгдэхүүн олширч, улам бүр чанаржих бололцоо бүрдэх юм байна.
Ташрамд дурдахад, 2024 оны байдлаар 108 орон олон төрлийн гамшгаас эрт сэрэмжлүүлэх тогтолцооны тодорхой чадавхтай болжээ. Энэ нь 2015 онтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм.