Айлчлалын байр суурь: Монголын талаарх судалгааны үр дүнг бодлого, үйл ажиллагаандаа тусгахад анхаарах хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британ, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад энэ сарын 18-23-ны хооронд албан ёсны айлчлал хийх үеэрээ Оксфордын их сургуульд очиж, монголч эрдэмтдийн судалгааны ажлуудтай танилцсан юм. Энэ үеэр айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж буй УИХ-ын гишүүд, монголч эрдэмтэд, судлаачдын байр суурийг сонирхлоо.
Монгол судлаач Ариел Ахернтэ: Монгол хүн, монгол
газар, соёл маш их үнэтэй
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфордын их сургуульд ажиллах үеэр тус сургуулийн Газарзүй,
байгаль орчны сургуулиас долоо дахь
удаагаа зохион байгуулсан “Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын
иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурал”-д оролцож буй
монгол судлаачидтай уулзаж, судалгааны ажилтай танилцлаа. Энэ үеэр Оксфордын их сургуулийн
Байгаль орчны сургуулийн багш, доктор, монгол судлаач Ариел Ахернтэтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
-Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн ахуй
амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурлын талаар товч мэдээлэл өгнө
үү?
-Оксфордын
их сургууль дээр чухал хурал болж байна. Олон хүн уур амьсгалын өөрчлөлтийн талаар
хийсэн судалгаагаа танилцууллаа. Би
гэхэд газар зүйн танхимд хөдөө аж ахуйтай холбоотой судалгаа хийдэг. Уур
амьсгалын өөрчлөлт, газар хөдлөлт, зэрлэг амьтад уур амьсгалын өөрчлөлтөд
хэрхэн нөлөөлдгийг судалдаг судлаачид
ч бий. Бүгд л байгаль орчинтой холбоотой судалгаа хийж байгаа нь маш чухал.
-Та судалгааны ажлынхаа талаар сонирхуулна уу?
-Би Монголын хөдөө орон нутгийн
иргэдийн амьдрал, амьжиргаа, нүүдлийн соёл, тэр дундаа нүүдлийн мал аж ахуйг олон
жил судалж байна. Монголын нүүдлийн мал аж ахуй нь хүн төрөлхтний онцгой чухал соёл, үнэт
зүйл учраас судалж, хамгаалах нь чухал. Энэ хуралд Монгол Улсаас, бүр
Дундговь аймгаас хоёр малчин оролцож байна. Тэд уур амьсгалын өөрчлөлт нь
нүүдлийн мал аж ахуй, малчдын амьдрал, амьжиргаанд нөлөөлж байгаа тухай сонирхолтой
илтгэл танилцуулсан. Энэ илтгэл хурлын оролцогчдын анхаарлыг ихээхэн татаж,
хамтран ажиллах талаар яриа хэлэлцүүлэг өрнөлөө.
-Монгол Улс цөлжилтөөс хэрхэн сэргийлэх боломжтой вэ?
-Энэ маш
хэцүү асуудал. Уур амьсгалын өөрчлөлт нь Монголын газар нутагт маш их нөлөөлж байгаа. Миний бодлоор уул
уурхайн салбарын хөгжил, тэр дундаа нүүрсний уурхай нээх нь цөлжилтөд ихээр
нөлөөлдөг. Үүнд анхаарах хэрэгтэй. Хөдөө аж ахуйн салбар, ногоон салбарын
хөгжилд анхаарах нь чухал. НҮБ, олон улсаас хэрэгжүүлж буй бодлого, энэ
чиглэлээр судалгаа хийдэг судлаачдыг Монгол Улсын Засгийн
газраас дэмжин, хамтран ажиллах хэрэгтэй.
-Та яагаад Монгол судлалыг сонгосон бэ, монгол малчдын талаар ярьвал?
-Дунд
сургуульд сурч байхдаа Монголын түүхийн талаар багшаасаа
сонсоод ямар гайхалтай түүх вэ, Монголд очиж үзнэ гэж бодох болсон. Оюутан
байхад боломж гарч олон улсын хөтөлбөрт хамрагдаад, 20 настайдаа Монгол Улсад анх
очсон. Тэр цагаас хойш Монголд маш их хайртай болж, дахин дахин очиж, салж
чадахгүй болсон. Монгол хүн, монгол газар, соёл маш их үнэ цэнтэй юм.
Монгол малчдын амьдралын хэв маягийг төгс гэж боддог. Бид асар их хэмжээний хог хаягдал гаргаж, ус их хэрэглэн, хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн зохицож амьдрахаа мартсан. Бид өөрчлөх л хэрэгтэй. Монгол малчдаас байгальтай хэрхэн зөв харьцах, зэрлэг амьтан, малтайгаа хэрхэн харьцах гэх мэт олон чухал зүйлийг сурч болно. Малчид бол Монголын хэл, соёл, ёс заншил, уламжлалыг хамгаалдаг хүмүүс. Монголын түүх маш урт, судлах зүйл асар их.
Докторант Г.Мөнх-Эрдэнэ: Оксфордын их сургуулийн
судлаачдын ажлууд дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг
Оксфордын их сургуулийн эрдэмтдийн Монгол Улстай холбоотой
сүүлийн 20 гаруй жилийн судалгааны талаар тус сургуулийн докторант,
антропологич Г.Мөнх-Эрдэнэ ийн ярьж байна.
-Миний докторын зэрэг горилж буй судалгааны сэдэв бол
Монголын малчид дижитал технологийг хэрхэн ашигладаг, энэ нь тэдний амьдрал
ахуйд яаж нөлөөлж байгааг онцолсон нийгмийн өөрчлөлтийн тухай юм. Оксфордын
судлаачид Монголын тухай ямар өргөн далайцтай судалгаа хийж
байгаатай сая УИХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид танилцлаа. Судлаачид Монгол Улс, манай
нийгмийн өөрчлөлтийг бүс нутаг, дэлхийн хэмжээнд, олон улсын нөхцөл байдалтай
холбож судалдаг. Оксфордын судлаачдын ажлыг чанар, үр нөлөөгөөр нь эрэмбэлэх юм
бол дэлхийн хэмжээнд эхний байруудад жагсах судалгаа хийдэг. Жишээлбэл,
Оксфордын их сургуулийн судлаачдын сүүлийн 20 гаруй жил цуглуулсан Монголын
тухай, Монголтой холбоотой, малчид, хөдөө аж ахуйн бэлчээр, газар хөдлөлт,
түүнийг сансраас, хиймэл дагуулаас хянах тухай, ан амьтан, бөхөн гээд мэдээлэл,
өгөгдлүүд маш их бий. Үүнийгээ Монголын бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч,
судлаачидтай хуваалцахад нээлттэй гэдгээ илэрхийлж байна.
Д.Бум-Очир: Монголын талаарх судалгааны үр дүнг бодлого, үйл ажиллагаандаа
тусгахад анхаарах хэрэгтэй
УИХ-ын даргын Их Британ, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийсэн айлчлалын
бүрэлдэхүүнд багтан ажиллаж буй УИХ-ын гишүүн Д.Бум-Очир байр сууриа
илэрхийллээ.
-Монгол судлал гэхээр бид зөвхөн түүх соёл, хэл, утга
зохиолын судалгааны асуудал мэт ойлгодог. Монголын талаар судалж буй шинжлэх ухааны
салбар бүхэн монгол судлал хэмээн ойлгох хэрэгтэй. Монгол судлалын эрдэмтэд
чуулж буй долоо дахь
удаагийн энэ хурал 14 жилийн өмнөөс “Цөлийн хурал” нэртэйгээр
жилд хоёр удаа
болдог юм. Миний бие эдгээр хурлын зохион байгуулахад оролцож,
хэдэнтээ илтгэл хэлэлцүүлж байсан. Энэ жилийн хурал Оксфордын их
сургуулийн Газар зүй, байгаль орчны сургууль дээр болж байгаа нь онцлог. Өөрөөр
хэлбэл, монгол судлал улам өргөжиж байгаагийн илрэл. Хурлаар монголч эрдэмтэд, судлаачид Монголын газар
зүйн тухай, тэр дундаа
газар хөдлөлтийн талаар хэлэлцлээ. Мөн Монголын нэн ховор амьтанд тооцогддог бөхөнг халдварт өвчнөөс
хамгаалах, тоо толгойг нэмэх судалгааны талаар ярилцлаа. Ер нь дэлхийн
эрдэмтдийн Монголын талаарх судалгааны үр дүнг
бид бодлого, үйл ажиллагаандаа тусгахад анхаарах хэрэгтэй юм.
Доктор Б.Марал: Монгол Улс сансрын технологийг маш олон
салбарт ашиглах боломжтой
Их Британийн Засгийн газрын “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” инновацын төвийн ахлах зөвлөх Б.Марал нь УИХ-ын даргыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчлах үеэр байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулсан юм. Хиймэл дагуулын өгөгдөлд түшиглэн судалгаа, шинжилгээгээ хийдэг тэрбээр Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр нэрлэгдсэн, Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалж, “Keeley Scholar” хэмээх хүндтэй цолыг хүртсэн монгол эмэгтэй. Хиймэл оюун ухаан, өндөр технологи, хөдөлмөрийн зах зээл, ногоон хөгжил зэрэг салбарт хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж хөндөгдөж буй энэ үед доктор Б.Маралтай уулзаж ярилцлаа.
-Сансрын технологийг манай улсад ашиглах ямар боломж байна
вэ?
-Монгол Улс сансрын
технологийг уул уурхай,
хөдөө аж ахуй, бэлчээрийн мониторинг, санхүү, хяналт гэх мэт салбарт ашиглах
боломжтой. Одоо бол санхүү, эдийн засгийн салбарын мэргэжилтнүүдийн гаргаж ирж
буй уур амьсгалын өөрчлөлтөд зориулсан шинэ концепцуудыг сансрын технологи ашиглаад хэрхэн,
яаж эх орон руугаа татаж, уул усаа хамгаалах вэ гэсэн бодлого, зорилготой болсон.
-Жишээлбэл?
-Нар,
салхины эрчим хүч, технологийн аль алийг нь хөдөө нутагт хаана тавих, эдгээр технологийг тавьсан
тохиолдолд хөрөнгө оруулалтын зардлаа хэзээ
нөхөх, автозамаар холбох гэх мэт ажил хийж болно. Казахстан, Киргиз зэрэг оронд
усан цахилгаан станц олноор барьж, Энэтхэг Улсад экспортлох бодлого төлөвлөсөн. Киргиз гэхэд чулууны хагарал
ихтэй, газар хөдлөлтийн эрсдэл бүхий газар нутагт оршдог. Сансрын
технологи ашиглаад үүнийгээ судалж, тогтоож чадаж байна.
Ингэснээр дараагийн станцаа
оновчтой, үр ашигтай байршилд байгуулах зэргээр ашиглаж байгаа. Энэ мэт сансрын
технологийг ашиглах олон боломж бий. Монгол Улсад ч үүнийг үр
ашигтайгаар, олон чиглэлээр ашиглах боломжтой.
“Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” төвтэй Монголд
хиймэл дагуулыг хөгжүүлэхэд хамтран ажиллана
Их Британийн
Засгийн газрын “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” төвтэй Монголд хиймэл
дагуулыг хөгжүүлэхэд хамтран ажиллах болсон талаар УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны
дарга Ж.Золжаргалаас тодрууллаа.
-Монгол
Улсад хиймэл дагуулын хэрэглээ бүх салбарт өргөн нэвтэрч, геологи хайгуул, цаг
уур, хөдөө аж ахуйн салбарын хэрэглээ их байна. Манай эрдэмтэн судлаачид сансар
судлалын чиглэлээр дэлхийн олон улс оронд ажиллаж байгаа нь сайшаалтай. Түүний
нэг жишээ нь Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэг доктор Б.Марал байна. Их Британийн Засгийн газрын
“Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” төвтэй Монголд хиймэл дагуулыг
хөгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо. Нэгдүгээрт, том хэмжээний үндэсний
хиймэл дагуулыг хөгжүүлэх, эсхүл хиймэл
дагуулын хэрэглээг нэвтрүүлэх үү гэдэг сонголтыг хийхэд тус төвийн зөвлөх
багийг урьж ажиллуулах юм. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, шинжлэх ухааны хөгжлийн
хувьд аль нь илүү үр ашигтай вэ гэдгийг зөв сонгох ёстой хэмээснийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар мэдээлжээ.