Г.Буянхишиг: Ээжтэйгээ хамт сэтгэлээсээ урласан бүтээлийг худалдахаас гадна бусдад бэлэглэх гоё байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-03-25 10:03:38
altantogos

Мандалговь, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Цахим хэрэглээнээс хөндий байж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор өөрийнхөө сонирхлыг хөгжүүлж байгаа охин бол Г.Буянхишиг. Тэр Дундговь аймгийн Сайнцагаан сумын Цэгц билиг сургуулийн 7 дугаар ангид сурдаг.


2024 оны 6 дугаар сард "Сүлжмэл урлал хийх" сургалтад ээжийнхээ хамт сууснаар өөрийнхөө сонирхлыг хөгжүүлж, бизнес болгохын төлөө хичээж явна. Түүний хийдэг бүтээгдэхүүн бол төрөл бүрийн сүлжмэл сагс юм.


Г.Буянхишигийн ээж Л.Оюун хэлэхдээ, “Сүлжмэл урлал бол сонирхол төдий биш, нийгмийн эм, эмчилгээ болсон олон талын ач холбогдолтой. 2 гар зэрэг ажилладаг болохоор баруун, зүүн тархи зэрэг хөгжүүлэх ач холбогдолтой. Ямар ч насны хүн хийхэд тохиромжтой урлал юм билээ.

Охинтойгоо хамт энэ сургалтад сууж, дараа нь сургалт хийх эрхээ авсан. Охин маань маш дуртай, сэтгэлээсээ хийдэг. Анхаарлыг төвлөрүүлдэг болохоор толгой амарч, стрессийг тайлж, бодлоо цэгцлэх боломж олгодог” гэсэн бол Г.Буянхишиг охин “Хүссэн, хэрэгцээтэй зүйлээ өөрөө урлаж сурсандаа маш их баяртай байгаа. Чөлөөт цагаараа ээжтэйгээ хамт нишингээр сагсаа сүлжиж, түүнийгээ худалдаж орлого олдог. Ээжтэйгээ хамт 100 гаруй сагс хийсэн. 

Өөрийнхөө гараар, сэтгэлээсээ хийсэн энэ бүтээлийг худалдахаас гадна найз нар, дотны хүмүүстээ бэлэг болгон өгөх бүр гоё байдаг” гэлээ.




Л.Оюун Сайнцагаан сумын 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг. Тэрбээр хэлэхдээ, “Нишингэн урлалын ач холбогдол маш их. Тухайлбал, Гар, сарвууны хөдөлгөөнийг идэвхжүүлж, хурууны өндгөн дээр байнга жигд даралт ирдэг учраас цусны эргэлт сайжирдаг, зөнөглөх өвчнөөс сэргийлдэг, хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар нэмэгдэж, стрессийг бууруулдаг гэх мэт маш олон талын ач холбогдолтой.

Аливаа зүйлд сөрөг зүйл заавал гардаг. Тухайлбал, өнөөдөр техник технологи хөгжих хэрээр хүүхдүүд гар утас маш их хэрэглэж, бүр донтож байна. Тэгэхээр хүүхдүүд өөрийнхөө сонирхлыг хөгжүүлснээр түүнээс хол байх боломжтой. Нөгөө талаас гар утсыг өөрийнхөө сонирхлын дагуу мэдлэгээ нэмэгдүүлэхэд ашиглаж болдог. Тиймээс энэ маань олон талын ач холбогдолтой юм.  

Би цаашдаа савхин эдлэл, цементэн урлал, лаа хийх зэрэгт суралцаж, нишингэн урлалтайгаа хослуулан өргөжүүлнэ. Охин маань ч туслах байх. Тэгэхээр гар урлал бол манай гэр бүлийн ирээдүйн бизнес болно гэж харж байгаа” гэлээ. 



Холбоотой мэдээ