Далай ван гаргийн туйлын туяаг өндөр нарийвчлалтайгаар буулгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 27 /AP/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ “Жеймс Уэбб” сансрын дуран Далай ван гаргийн туйлын туяаг маш өндөр нарийвчлалтайгаар буулгажээ.
Анх 1989 онд “Вояжер-2” сансрын хөлөг уг гаргийн
хажуугаар нисэх өнгөрөхдөө туйлын туяаг илрүүлж байжээ. Харин “Уэбб” дуран Далай вангийн
гялалзсан гэрлүүдийг буулгаж чадсанаар тэнд туйлын туяа үзэгддэгийг баттайгаар нотолсон байна.
НАСА лхагва гарагт гэрэл зургуудыг нийтэлж,
судалгааныхаа дүнг “Nature
Astronomy” сэтгүүлд нийтлүүлжээ. Сансар огторгуйн цахилгаан цэнэгтэй тоосонцор
агаар мандалд байгаа молекулуудтай мөргөлдсөнөөр аль ч гараг дээр туйлын туяа үүсэх боломжтой. Дэлхий дээр ч мөн адил туйлын туяа үзэгддэг.
Эрдэмтэд Санчир, Бархасбадь гаргийн туйлын туяаг олон жилийн турш судалсаар ирсэн боловч Нарнаас хамгийн алс холд орших Далай ван гаргийг судлахад хүндрэлтэй байжээ. Судалгааны багийн ахлагч,
Редингийн их сургуулийн гараг
судлаач Жеймс О’Доногу хэлэхдээ "Далай
ван гаргийг судлахад үргэлж л хэцүү байсаар ирсэн. Түүний туяаг зөвхөн “Вояжер” л харсан бөгөөд түүнээс хойш бид дахин
харахыг хичээж байлаа" гэв.
“Вояжер-2” хажуугаар
нь нисэх өнгөрснөөс хойш 30 гаруй жилийн дараа эрдэмтэд Далай вангийн туйлын туяаг хүчирхэг “Уэбб” дурангаар дахин харлаа гэж Одон орон
судлалын их сургуулиудын холбооны дэд
тэргүүн Хайди Хаммел хэлжээ. Мөн 1980-аад оноос хойш Далай вангийн агаар мандал ихээхэн хөрсөн нь туйлын туяаны
гэрлийг бага зэрэг бүдгэрүүлсэн байж болзошгүй гэдгийг судлаачид тогтоосон байна.