ХОВД: Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээр хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ц.Ариунжаргал, Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Б.Нямхүү нар хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хамтын хэлэлцээр хийж, 2025-2027 онд хэрэгжих гэрээний төсөлд гарын үсэг зурлаа.
Засгийн газар, ажил олгогч, ажилтны эрх ашиг, сонирхлыг төлөөлөн хамгаалах тэнцүү тооны төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороог Засгийн газрын дэргэд, салбар хороог аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд байгуулсан. Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад 2025 оноос эхлэн гурван жил тутамд хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээр хийх заалт тусгасан юм.
Энэ дагуу Ховд аймгийн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2025-2027 оны хамтын хэлэлцээр байгуулах ажлын баг томилсон бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдаж, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбооны дарга, тэргүүлэгч, холбогдох төрийн байгууллагын төлөөллүүдийн саналыг авч, гэрээний төсөл боловсруулжээ.
Энэ нь орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшин сайжруулах, аюулгүй, таатай орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон хөдөлмөрлөх эрхийг хангах, олон улсын Хөдөлмөрийн байгууллага, Монгол Улсын Засгийн газрын Зохистой хөдөлмөр эрхлэлтийг хангах бодлогыг хэрэгжүүлэхэд харилцаа, хамтын ажлыг зохицуулах ач холбогдолтой юм.
Хамтын хэлэлцээрт Засгийн газар, Ховд аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан зургаан бүлэг бүхий 55 зорилт тусгажээ.
Онцолбол, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг хангаж, цалин хөлсний үзлэгийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад зохион байгуулна. Хөшөөтийн уурхай, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Үйлдвэр технологийн парк, Хотын шинэчлэл зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил, мега төсөлд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн бэлтгэн нийлүүлэх боломжтой ажил, үйлчилгээ, чадамжийн судалгаа гаргаж, оролцуулахад анхаарна. Мөн ажилтан, албан хаагчийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах, баялаг бүтээгч хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч, малчин, тариаланчдыг бодлогоор дэмжиж, үйлдвэрлэл, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд талууд хамтран ажиллах, оюутан, залуусыг цагийн ажил хийх, долоо хоногийн цалингийн систем бүхий хөдөлмөрийн биржийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх гэх мэт ажлыг цаашид үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.