АРХАНГАЙ: Монгол орны ой сан 140 гаруй зүйлийн мод, сөөгөөс бүрдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-03-27 15:40:02

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол орны ойн санг бүрдүүлэгч, амьтан ургамлын олон янз байдал, биологийн бусад бичил биетэн, байгалийн нөөц баялаг шүтэлцэн орших экологийн онцлог орчин үүсгэн, зохицож ургасан байгалийн болон таримал байдлаар байгаа мод, бут, сөөгийн хам бүрдлийг ой гэнэ.    


Монгол орны ойн баялаг нь нутаг дэвсгэрийн хойд хэсгийн уулархаг мужид ургасан шилмүүст, навчит ой, өмнө хэсгийн говь, цөл, хээрийн бүсэд тархан ургасан заган ойгоос бүрдэнэ. 


Монгол орны ой нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд ургадаг учир байгалийн жамаар сэргэх чадавхаар нэн хязгаарлагдмал, ойн түймэр, хөнөөлт шавж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбархан өртөмтгий чанартай байдаг.  

           

Байгаль цаг уур, газарзүйн нөхцөлөөс хамаарч ойн ургах орчны нөхцөл, ойн өсөлт, ургалтын эрчим, модны чанар, нөөц зэрэг таксацын дундаж үзүүлэлтүүд нь модны төрөл тус бүрд өөр өөр байна.


Ой нь байгалийн чухал өвийг бүрдүүлдэг, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий баялаг бөгөөд даян дэлхийн байгаль орчны тогтвортой байдлыг хангаж байдаг. Ой нь хүнс, мод болон модон бүтээгдэхүүн зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний эх үүсвэр бөгөөд уур амьсгалыг зохицуулах, усны нөөцийг хамгаалах, ядуурлыг бууруулах, тайвшрал, гоо зүйн тааламжийг хангах зэрэг экосистемийн үйлчилгээний эх үүсвэр нь болдог. 

 

Монгол орны ойн сангийн нийт талбай 18462200 га, үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай хэмжээ 12292646 га байна. Ойн сангийн талбай Монгол Улсын нутаг дэвсгэрийн 11.8 хувь, ойгоор бүрхэгдсэн талбай буюу улсын хэмжээний ойрхог чанар нийт нутаг дэвсгэрийн 7.86 хувийг эзэлж байна. 

 

Манай орны ой сан 140 гаруй зүйлийн мод, сөөгөөс бүрдэх бөгөөд 84.7 хувийг навч, шилмүүст ой, 15.3 хувийг заган ой эзэлнэ. Монгол оронд зонхилогч гол мод нь шинэс бөгөөд байгалийн ойн талбайн 62.5 хувийг, нөөцийн 78.6 хувийг эзэлдэг. 


Монгол орны ой гол мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтойгоос гадна Сибирийн их тайгын үргэлжлэл, дэлхийн гурван томоохон усны хагалбарыг дагаж ургадаг онцлог нь түүний экологид гүйцэтгэх үүрэг ач холбогдлыг олон улсын шинжтэй болгодог. 

 

Ой мод нь экологийн онцгой ач холбогдолтойгоос гадна ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тодорхой нөөцтэй, эдийн засгийн асар өндөр ач холбогдолтой, нөхөн сэргээгддэг байгалийн үнэт баялаг юм. 

Холбоотой мэдээ