ХОВД: 43 цэгт зарлан мэдээллийн дохиогоор ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-03-28 00:09:45

Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд газар хөдлөлт, гал түймэр, гамшиг ослын дуудлага, мэдээлэл нэмэгдэж байгаа.

Иймд болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх дадлага сургуулилтыг өнөөдөр зохион байгуулж, Ховд аймгийн 17 сумын 43 цэгт зарлан мэдээллийн дохиогоор ажиллалаа. 

Үүнд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн алба, тусгай зориулалтын мэргэжлийн анги, ерөнхий зориулалтын мэргэжлийн анги болон иргэдийн төлөөлөл 23446 хүн, 505 техник хэрэгсэлтэй оролцож, бэлтгэл бэлэн байдлаа шалгуулжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоол буюу Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам, 340 дүгээр тогтоол  буюу Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журмын дагуу жил бүр дээрх дадлага сургуулийг зохион байгуулж буй.

Энэ нь газар хөдлөлт, гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрсдэлээс сэргийлэх бэлэн байдлыг хангах, орон нутгийн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал, үйлчлэх хүрээг өргөжүүлэх, иргэд гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахад суралцах, туршлага хуримтлуулах ач холбогдолтой юм.   

Холбоотой мэдээ