300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-03-28 10:23:16

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина.


Газар, нүүрс, ус хангамжийг нэг дор шийдсэн, байгаль орчинд ээлтэй станц байх юм. ТЭЦ-5 станцын ерөнхий зохион байгуулалтын зурагт үндсэн цех, захиргаа, цахилгааны дэд станц, нүүрс буулгах талбай, үнс хадгалах, ачих төхөөрөмж болон цаашид станцыг өргөтгөх талбайг тооцож урьдчилсан байдлаар төлөвлөжээ.


ТЭЦ-5 станц нь Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангаад зогсохгүй импортоор авах цахилгаан эрчим хүчний хэмжээг багасгахыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 



Холбоотой мэдээ