СЭЛЭНГЭ: 2024 оны байдлаар нийт хүн амын дунд чихрийн шижин өвчний тархалт 1.2 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны
гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал, “Бүсчилсэн
хөгжлийг дэмжиж төвлөрлийг сааруулах, лавлагаа шатлалын эмнэлэгт хийж буй
эмнэлгийн тусламж үйлчилгээг орон нутагт нутагшуулах" бодлого зорилтын хүрээнд УНТЭ-ийн
Дотоод шүүрэл судлалын төвийн эмч нар Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Дээрх багийнхан аймгийн
Нэгдсэн эмнэлгийн Дотоод шүүрлийн тасгийн эмч, удирдлагын багтай уулзаж, өнөөгийн
түвшин мөн цаашид хэрхэн хамтарч ажиллах тухай ярилцаж, арга зүйн дэмжлэг
үзүүлж, сургалт зохион байгууллаа.
Сургалтад
аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг болон өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн
эмч, мэргэжилтнүүд, иргэд танхимаар болон цахимаар хамрагдлаа. Багийнхан сургалт явуулахын зэрэгцээ чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдэд үзлэг хийж, зөвлөгөө өгөв.
Сэлэнгэ
аймагт 2021-2024 оны жилийн эцсийн байдлаар нийт давхардсан тоогоор 1285 хүн
чихрийн шижин өвчнөөр хяналтад орсон байна. Зөвхөн 2024 онд
шинээр чихрийн шижин өвчнөөр 239 хүн оношлогдож, хяналтад оржээ.
Хяналтад
байгаа нийт иргэдийн 467 буюу 36,3 хувь нь нүд, зүрх, бөөр, захын судасны эмгэг
зэрэг эрхтэн тогтолцоонд нөлөөлж буй хүндрэлээр хянагдаж байгаа юм.
Мөн 2024
оны байдлаар нийт хүн амын дунд чихрийн шижин өвчний тархалт 1.2 хувьтай байна
гэсэн статистик мэдээлэл гарчээ.
Хяналтад
байгаа иргэдийн 52.2 хувь нь Сүхбаатар, Мандал суманд, 47.8 хувь нь бусад
суманд байгаа нь хот суурин газарт тархалт өндөр байгааг харуулж байна хэмээн эмч
мэргэжилтнүүд онцолж, цаашид анхаарах асуудлаар зөвлөлдлөө.
Хамтын ажиллагааны үр дүнд чихрийн шижин өвчтэй иргэдэд
тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлдэг болох, түүний хүндрэлээс
шалтгаалсан нас баралтыг бууруулах.
Мөн тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах чиглэлд илүү анхаарч ажиллахаар боллоо.