Бичил бизнес эрхлэгчдийн 579 төсөлд зээл олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-03-28 14:30:41

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийн дагуу Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр өнгөрсөн онд иргэн, аж ахуй нэгжийн 579 төсөлд 13.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ.


Олон улсад бичил, жижиг бизнесийг бизнес инкубацийн үйлчилгээгээр дэмждэг. Манай улс энэ чиглэлээр өмнө хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэх, санхүүжилтийг тогтвортой болгоход анхаарах шаардлагатайг дээрх сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг авсан иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа тогтворжуулах, хөгжүүлэхэд бизнес инкубацийн үйлчилгээний гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх үеэр онцоллоо. Оролцогчид мэдлэг, туршлагаа хуваалцан хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.


Хэлэлцүүлэгт МАОЭНХ, МҮЭХ, Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо, “Старт ап Монголиа” ТББ, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын төлөөлөл, Их, дээд сургуулиудын багш нар, Монголын технологийн үндэсний парк, шинжлэх ухааны академийн төлөөллүүд оролцов. Цаашид Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлэх, хуулийн төсөлд бизнес инкубацийн үйлчилгээний талаарх зохицуулалтыг оновчтой тусгах талаар санал нэгдсэнийг ГБХНХЯ мэдээлжээ.

 

Холбоотой мэдээ