Шатарчин сурагчид ДАШТ-ээс хоёр алт, нэг мөнгөн медальтай ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-31 10:43:48

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Сербийн Врньачка Баньа хотод болсон сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын шатарчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн байна.


Тодруулбал, охидын 17 хүртэлх насны ангилалд 13 настай шатарчин ФИДЕ-гийн дэд мастер Б.Буянхишиг, 11 насны ангилалд ФИДЕ-гийн дэд мастер Ч.Нандинжигүүр нар алт, есөн насны ангилалд Ш.Уранзаяа мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. ФИДЕ-гийн дэд мастер Б.Буянхишигийн хувьд гурван жил дараалан тус тэмцээнээс медаль хүртэж байгаа нь энэ. Ингэхдээ 2023 онд U11 насанд алт, 2024 онд U13 насанд хүрэл, 2025 онд U17 насанд алтан медаль авснаар дэлхийн хошой аварга болов. Тэгвэл ФИДЕ-гийн дэд мастер Г.Нандинжигүүр хоёр жил дараалан дэлхийн аварга болж чадлаа. Харин Ш.Уранзаяагийн хувьд олон улсын тэмцээнээс авсан анхны медаль нь сурагчдын ДАШТ-ий мөнгө болж байна.


Зургаан насны ангиллаар зохион байгуулсан энэ тэмцээнд 44 орны 470 гаруй сурагч шатарчин оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Манай улсаас гурван дасгалжуулагчийн удирдлагад нийт 31 тамирчин Сербийг зорьж, гурван медальтай эх орондоо ирж байна. Ингэхдээ хоёр удаа төрийн дууллаа эгшиглүүлэв. 







Холбоотой мэдээ