Өндөр хүчин чадалтай супер компьютерийн тооцоолох төв байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Эдийн засаг, хөгжлийн яам “Өндөр хүчин чадалтай супер компьютерийн тооцоолох төв байгуулах” төслийн хүрээнд АНУ-тай хамтран ажиллахаар болжээ.
Тус яамны Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын газрын дарга, доктор Д.Баттогтох, Макро эдийн засгийн бодлогын газрын зөвлөх Д.Өлзий-Эрдэнэ, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Б.Авид нар АНУ-ын Теннеси муж улсын Оак Риджийн Үндэсний лабораторид ажиллалаа. Тэд хими, биологи, хүрээлэн буй орчны системийн шинжлэх ухааны салбар болон компьютер, тооцооллын шинжлэх ухааны газрын удирдлага, менежер, эрдэмтэн судлаач нартай албан уулзалт хийв. Уулзалтаар хоёр улсын шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагааг өрнүүлэх, дэлхийн тэргүүлэгч “Frontier” супер компьютер, түүний ажиллах систем, менежмент, тоног төхөөрөмж, хүний нөөцийг бэлтгэх талаар судалж, энэ чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
ЭЗХЯ болон ШУА-иас санаачлан ШУТИС, МУИС-тай хамтран Монгол Улсад бий болсон материаллаг бааз, боловсон хүчний нөөцөд түшиглэн “Өндөр хүчин чадалтай супер компьютерын тооцоолох төв байгуулах” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ энэ чиглэлээр гадаад улсад ажиллаж амьдарч байгаа өндөр мэдлэг, ур чадвартай хүний нөөцөө ашиглах зорилгоор АНУ, БНСУ-д ажиллаж буй эрдэмтэн, судлаач нартай хамтарч байгаа юм. Төслийг амжилттай хэрэгжүүлснээр Үндэсний аюулгүй байдалд хамаарах байгаль, нийгэм эдийн засгийн төрийн их өгөгдөлд дүн шинжилгээ хийх, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдэл, бэлчээрийн талхагдал, цөлжилттэй тэмцэх шийдэл боловсруулах, шинэ материал, ашигт малтмал, эрдсийн нарийвчилсан судалгааг гүйцэтгэх, хиймэл оюун, машин сургалтын судалгааг гүйцэтгэх зэрэг технологийн дэвшил бий болно. Түүнчлэн, орчин үеийн хэрэгслийг нэвтрүүлснээр Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжлийг шинэ шатанд гарган, шинэ үеийн эрдэмтэн судлаач, оюутнуудад орчин үеийн судалгааны хүчирхэг технологийг эзэмших нөхцөл бүрднэ гэж ЭЗХЯ-наас мэдээллээ.