ДОРНОГОВЬ: Зориудаар устгалд оруулсан ямааны нөхөн төлбөрийг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-03-31 16:40:26

Сайншанд, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн оны 10 дугаар сард мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчин гарсан.


Орон нутгаас холбогдох хууль, журамд заасны дагуу 29 хот айлын 91 малчин өрхийн 14,252 толгой ямааг зориудаар устгалд оруулж, уг өвчний голомт, тархалтыг зогсоосон байдаг. Харин мал амьтны халдварт өвчний нөхцөл байдлын үүднээс зориудаар устгалд оруулсан ямааны нөхөн төлбөрт шаардагдах зардлыг Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны тогтоолоор 2,8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгохоор шийдвэрлэж, өнгөрсөн онд 91 малчин өрхөд нөхөн төлбөрийг бүрэн олгожээ.


Мөн орон нутгаас малчдын амьжиргааг дэмжих зорилгоор нөхөн төлбөрийн зөрүү 10 хувьд шаардагдах 315,5 сая төгрөгийг энэ онд олгохоор аймгийн ИТХ-аар шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ