Ховд хотыг улсын зэрэглэлтэй болгох зорилт дэвшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-04-02 12:54:17

Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Орон нутгийн удирдлагууд ирэх жилүүдэд нутгаа хөгжүүлэх олон шинэ зорилт дэвшүүлжээ.

Үүний нэг бол иргэд, олон нийтийн оролцоотойгоор Ховд хотыг улсын зэрэглэлтэй хотын статустай болгох, Жаргалант сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг өргөтгөх асуудал юм.  
     
Уг ажлыг цаашид бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд үе шаттай хэрэгжүүлэх ба эрх бүхий мэргэжлийн байгууллагад санал уламжилж шийдвэрлүүлнэ. Учир нь Ховд хот баруун бүсийн төв, худалдаа, үйлчилгээ, үйлдвэр, бараа материалын тээвэрлэлтийн гол зангилаа болж байгаагийн хувьд улсын чанартай хот болон хөгжих нөхцөл бүрдсэн гэж албаныхан хэлэв.

Энэ хүрээнд эхний ээлжид Ховд хотод улсын зэрэглэл олгох үндэслэл, хэрэгцээ шаардлага, цаашдын чиглэлийг тодорхойлох тухай,  мөн зарим судалгааны үр дүнгийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Хэлэлцүүлэгт Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчид болон ЗДТГ, Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн гэх мэт мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцжээ. 

Холбоотой мэдээ