ӨВӨРХАНГАЙ: Сурагчдад батлан хамгаалах үйл хэргийг сурталчлан цэрэг - эх оронч үзлийг төлөвшүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын даргын ивээл дор ЕБС-иуд болон Политехникийн коллежийн оюутнуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, залуу өсвөр үеийнхнийг цэргийн албатай танилцуулах үйл ажиллагааг аймгийн Цэргийн штабтай хамтран үе шаттай зохион байгуулж байна.
“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 104 жилийн ойн баяраар 60 гаруй сурагчийг Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцуулж, эх оронч үзлийн тухай хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэгвэл өнөөдөр 40 орчим сурагч байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг үзэж сонирхон сургалтын буудлага хийж, цэрэг дайчидтай хамт нэгэн өдрийг өнгөрөөлөө. Мөн Монгол Улсын батлан хамгаалах салбарын нөөцийн бодлого, цэргийн албан хаагчдын бэлтгэл сургуулилалтын ач холбогдлыг танилцуулж, ойлголт өгсөн юм.
Ирээдүй, хойч үе болсон хүүхдүүдэд эх орон, газар нутгаа хайрлан хамгаалах цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлж, батлан хамгаалах үйл хэргийг сурталчилж танилцуулах нь тус хөтөлбөрийн зорилго юм.