ЗАВХАН: Цэргүүд гэр бүлээсээ илгээсэн захидал илгээмжээ хүлээн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-04-07 14:15:41

Улиастай, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Завхан аймгаас Баянхонгор аймаг дахь Барилгын цэргийн 339 дүгээр ангид алба хааж буй цэргүүдээ эргэж эцэг эхийн нэг өдрийг зохион байгуулжээ.


Барилгын цэргийн 339 дүгээр ангид Завхан аймгийн 11 сумын 43 цэрэг хугацаат цэргийн алба хааж байна. Эцэг эхийн нэг өдрийн үйл ажиллагаанд Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Гэрэлт-Од нар оролцлоо.


Баянхонгор аймаг дахь Барилга инженерийн тусгай батальон, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хааж буй цэргүүдийн санал сэтгэгдлийг нь сонсон, ахуй нөхцөл, сургалт бэлтгэлийн явцтай танилцаж, гэр бүлийнхнийх нь явуулсан бэлэг, захидлын хамт гарын бэлэг гардууллаа. Тус ангид Завхан аймгийн 11 сумын цэргүүд алба хааж байгаа ба Цэцэн-Уул сумаас хамгийн олон цэрэг алба хааж байна.


Цэргүүд сургалтын цагаараа англи хэл, компьютерын хичээлийг судалж байна. Мөн монгол бичгийн хичээлд хамрагдаж жолооны курст сурч мэргэжил эзэмшиж байна.


Тус цэргийн анги нь барилгын цэргийн анги учраас аймаг орон нутгийн, улсын чанартай бүтээн байгуулалтуудад цэргүүдээ оролцуулдаг. Удахгүй Шивээхүрэн-Шинэ Жинст чиглэлийн улсын чанартай авто замд гүүр хоолой барих ажилд цэргүүд ажиллаж эхэлнэ гэж ангийн удирдлагууд дуулгалаа.


Завхан аймгийн хугацаат цэргийн алба хаагчид албаа хаах өндөр сэтгэл зүйтэй, цэргийн эрдэмд суралцах нөхцөл бололцоогоор бүрэн дүүрэн хангагджээ.


Учир нь Завхан аймаг хөрш аймгуудад цэргийн алба хааж буй цэргүүдээ жил бүр эргэдэг уламжлалтай. Энэ үеэрээ цэргийн ангийн орчин нөхцөл, цэргүүд юу сурч мэдэж байгаа талаар нь гэр бүлийнхэнд нь дуулгаж, үзүүлдэг энэхүү үйл ажиллагаанаас харагддаг.


Түүнчлэн нутгаасаа хол цэргийн алба хааж буй цэрэг эргэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нь цэрэг дайчдад урам зориг өгдөг. Хөрш аймгуудын хамтын үйл ажиллагаа өргөжиж, цэрэг эрс төдийгүй, ар гэрийнхэн нь ч энэ үйл ажиллагаанд хамтран оролцож талархалтай ханддаг юм. Энэхүү үйл ажиллагааг бусад аймагт үлгэр жишээ болгон ажиллаасай хэмээн цэргийн анги салбарын удирдлагууд онцолж байсан гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Завхан аймаг 15 дахь жилээ хөрш аймгуудад алба хааж буй цэрэг эрсээ эргэж байна


Цэргийн алба хаах хугацаандаа үндэсний монгол бичгийн мэдлэгээ бататгаж, зарим цэргүүд шинээр суралцаж байна


Барилгын цэргийн 339 дүгээр ангид Завхан аймгийн 11 сумын 43 цэрэг хугацаат цэргийн алба хааж байна.

Гэрэл зургуудыг: З.Ариунтуяа

Холбоотой мэдээ