Варшавын их сургуульд монгол судлалаар суралцаж буй оюутнуудтай уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. БНПУ-ын Варшавын их сургуулийн Дорно дахины факультетаас жил бүр зохион байгуулдаг "Нэгдүгээр курсийн оюутнуудын дорно дахины Элчин сайд нартай хийх уулзалт" энэ сарын 7-нд боллоо.
Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах
Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь оролцож, шинээр
элссэн дорно дахины судлал, тэр дундаа монгол судлалыг сонгон суралцаж буй
оюутнуудад сурлагын амжилт хүсэхийн ялдамд Монгол Улсад зочлохыг урив.
Варшавын их сургуулийн ректор Алоёзи Новак, Дорно
дахины судлалын декан Агата Барэяа нарт Краков хотын Шинжлэх ухааны академийн
архивт хадгалагдаж байсан нэрт монголч эрдэмтэн Л.В.Котвичийн судалгааны ажил
болох “1915 оны Монгол Улсын хүн амын тооллогын материал”-аас хуулбарлан
хэвлэсэн “Монголын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” 9 боть номыг гардуулав.
Мөн ЭСЯ-наас Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын оюутнуудад монгол үндэстний түүх соёл, уламжлалт хоолыг танилцуулсан тухай Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ мэдээллээ.