АРХАНГАЙ: Нийтийн болон ачаа тээврийн жолооч нар ур чадвараараа өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-08 12:57:15

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолуулан аймгийн Авто тээврийн төвөөс уран жолоодлого-ур чадварын тэмцээнийг анх удаа зохион байгууллаа.


Тэмцээнд аймгийн 19 сумын хот хоорондын болон ачаа тээврийн 70 гаруй жолооч нар ур чадвараараа өрсөлдсөн юм.


Тэмцээнд жолооч нар D, C, Е ангиллаар автобус, 9.60, сонсмоол-хово, шалаанз гэсэн дөрвөн төрөлд, 90 градус руу ухрах үйлдлийг хоёр талаар, 45 градус буюу хажуугийн зогсоол руу орох, ухрах, урагшлах үйлдлээр туг сүлжих гээд таван үйлдлийг хамгийн бага хугацаанд ур чадвартайгаар гүйцэтгэн өрсөлдсөн юм.


Уралдааны нийтийн тээврийн төрөлд  "Дэлгэрбуян-Ар" ХХК-ий залуу жолооч А.Буяндэлгэр, 9.60 ачааны машины төрөлд Ц.Мягмарцэрэн, сонсмол-ховогийн төрөлд Ц.Түндэвцэрэн, шланзын төрөлд А.Баянжаргал нар тэргүүллээ.


Тус уралдааны нээлтэд аймгийн Засаг дарга Б.Цэрэндамид хэлсэн үгэндээ, "Энэхүү тэмцээнийг жолооч нараас ямар нэг төлбөр авахгүйгээр жил бүр Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулах болсон шийдвэрээ дуулгаад аймаг, бүсийн хэмжээнд шинээр барих хатуу хучилттай авто замын талаарх мэдээллийг өглөө.


Авто тээврийн төвөөс ойгоо угтан түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, онол практикийн бага хурал, хүүхдийн дунд удирдлагатай машины уран жолоодлогын тэмцээн, гар зураг, эсээ бичлэгийн уралдаан, “Тээвэрчид дуулж байна” урлагийн наадам, спортын тэмцээн гээд арав гаруй ажлыг хийхээр төлөвлөжээ.







Холбоотой мэдээ