Монгол Улсын Их Хурлын хүн төвтэй хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх санаачилгыг онцолжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, ОУПХ-ны 150
дугаар Ассамблейн үндсэн хэлэлцүүлэг, салбар хуралдаан үр дүнтэй үргэлжилж
буйг тэмдэглээд, Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойг
тохиолдуулан видео мэндчилгээ ирүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол
Улсын Их Хурал болон ОУПХ-ны хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж
байгаагийн нэг илрэл нь 2022 онд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичиг
гэдгийг тодотгов.
Уулзалтын үеэр, УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлагдаж, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг томьёолон, үндсэн 5 зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх 16 зорилтыг тодорхойлсон гэдгийг дурдлаа. Энэ ташрамд тэрбээр, уг стратеги төлөвлөгөөний төсөлд ОУПХ-ноос улс орнуудын практик туршлагуудад үндэслэн, мэргэжил арга зүйн зөвлөгөөг тогтмол хүргүүлсэнд талархал илэрхийлэв. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үргэлжлүүлэн, тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентад 80 гаруй гишүүн шинээр сонгогдсоныг дурдаад, ирэх дөрвөн жилийнхээ стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлснийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд ОУПХ-ны дэмжлэгтэй парламентын өөрийн үнэлгээний шалгуур үзүүлэлтээр суурь түвшинг тодорхойлох, үнэлгээ хийх чадамжийг бүрдүүлэх, УИХ-ын цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр зорьж буйг хэлэв. Түүнчлэн Монгол Улсад ирэх онд зохион байгуулах Азийн эмэгтэй парламентчдын форумд биечлэн оролцохыг урьсан юм.
ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг, Хамтын ажиллагааны санамж бичгийн агуулгын хүрээнд Монгол Улсын Их Хурлаас хүний эрх, жендэрийн тэгш байдал, парламентат ёсыг төлөвшүүлэхэд бодит үр дүн бүхий зорилтот ажил хэрэгжүүлж буйг сайшаан тэмдэглэв. Тэрбээр, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг цогцлоохоор стратеги төлөвлөгөөндөө тусгасан нь өнөө цагт онцлох санаачилга хэмээн тодотгоод хэрэгжилтийг хангахад бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Хүний эрхийн
мэдрэмжтэй, тэгш оролцоог хангасан, цаг үеийн шаардлагад нийцэхүйц хууль
тогтоомжуудыг боловсруулахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхийн тулд
Тамгын газар дэвшилтэт арга барилаар ажиллахаар эрмэлзэж буйг Ерөнхий нарийн
бичгийн дарга Б.Баасандорж онцлов. Тэрбээр, өнгөрсөн 3 дугаар сарын 20-нд
ОУПХ-той хамтран “Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний хамтарсан цахим
уулзалт-хэлэлцүүлэг”-ийг амжилттай явуулсныг дурдахын сацуу цаашид ч мөн бүс
нутгийн сэдэвчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулах талаар
санал солилцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.