Барагшунаар олон улсын стандартад нийцсэн үндэсний брэнд гаргах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны энэ сарын 8-ны өдрийн хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын С.Одонтуяа “Барагшуны нөөц, ашиглалт” сэдвээр мэдээлэл хийв.
Монгол орон нь Азийн эх газрын барагшун тархалтын төв муж гэдгийг сайд онцоллоо. Барагшун нь далайн түвшнээс дээш 2000 метр болон түүнээс дээш өндөрт хүйтэн, сэрүүн болон хуурай нөхцөлд хадны агуй, гуу жалганд хайлмагтсан, хар хүрэн өнгөтэй, тослог, өвөрмөц амт үнэртэй, олон төрлийн эмийн ургамлын үндэс, эрдэс, макро микро элементийг агуулсан байдаг. Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймагт тархсан ба Говь-Алтай аймаг 58, Ховд 89, Увс 140, Баян-Өлгий 28 тонн барагшуны нөөцтэй гэж тогтоожээ. Гэтэл нутгийн иргэд, аж ахуй нэгжүүд их хэмжээгээр бэлтгэн, нөхөн сэргэлтийг нь алдагдахуйц хэмжээнд ашиглаж, хууль бусаар бие биеэсээ өрсөн түүж, шууд гадаад гаргах сонирхол ихэссэн.
Тухайлбал, 2016 онд 17 аж ахуй нэгж ОХУ, Энэтхэг, БНХАУ
улс руу 2335 тонн түүхий болон хагас боловсруулсан барагшун экспортолжээ.
Тиймээс байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах зорилгоор шинжлэх ухааны
байгууллагуудын судалгааг үндэслэн БОАЖ-ын сайдын 2017 оны А/86 дугаар
тушаалаар барагшуныг түүхийгээр болон хагас боловсруулсан байдлаар, судалгааны
дээжийг 5 кг-аас дээш хэмжээгээр гадаад улсад гаргах зорилгоор түүж бэлтгэх,
боловсруулах, экспортлохыг таван жилээр хориглох, 2022 оны А/108 дугаар
тушаалаар барагшуныг түүж бэлтгэх, ашиглах, худалдах, худалдан авахыг таван
жилийн хугацаатай хориглосныг С.Одонтуяа сайд дурдав.
Барагшуныг түүхий эд байдлаар гадаадад гаргахыг хориглосноор манай улсад төр, хувийн хэвшлийн 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага судалгаа хийж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний стандартыг боловсруулж гаргах, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, нэвтрүүлэх чиглэлд ажиллаж байна.
ШУА-ийн Биологийн хүрээлэн, Уламжлалт анагаах
ухааны хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, аж ахуй нэгжүүд, эмийн үйлдвэрүүд
хамтарсан судалгааг тасралтгүй хийсээр хэд хэдэн үндэсний стандартыг батлуулсан
байна. Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд сүүлийн 25 жил барагшуны чанар,
ашиглалтын талаар судалгаа хийж, доктор Т.Энх-Оюун 2014 онд Дэлхийн оюуны
өмчийн байгууллага, БНСУ-ын Оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр “Барагшун
агуулсан тэжээлийн нэмэлт бэлдмэл бэлтгэх арга” бүтээлээрээ Дэлхийн оюуны
өмчийн байгууллагын “Алтан медаль”, “Шилдэг зохион бүтээгч” шагнал хүртсэн.
Цаашид энэхүү бүтээлээр дэлхийд гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэв.
Салбарын сайд, цаашид барагшуны жилд ашиглах боломжит нөөц,
нөхөн сэргээх хугацаа давтамж, найрлага, ач холбогдлыг нарийвчлан тогтоох
судалгааг хийх, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос барагшуны нөөц,
тархацын судалгаанд хөрөнгө төсөвлөхийг аймгуудад даалгах, экологи, эдийн
засгийн үнэлгээг тогтоох, хууль бусаар түүж бэлтгэсэн түүхий эд байдлаар
гадаадад гаргах биш, зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн барагшунаар олон улсын
стандарт шаардлага хангасан үндэсний брэнд, нэмүү өртөг шингэсэн эцсийн
бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, экспортлох нь эдийн засгийн өндөр үр
өгөөжтэй, байгалийн нөөцийн ашиглалтын бүсийг тогтоож, жилд ашиглах зохистой
хэмжээгээр ашиглах боломжийг бүрдүүлэх, түүхий болон хагас боловсруулсан
эд байдлаар экспортлохыг хориглох, хууль бусаар түүж бэлтгэх явдлыг таслан
зогсоох арга хэмжээ авах шаардлагатай байгааг мэдээлэлдээ онцлов.