ОПЕК өсөлтийн таамаглалаа бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-04-15 14:58:25

ВЕНА, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /Xinhua/. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ Д.Трампын ногдуулсан татвар тарифын нөлөөллийг харгалзан үзсэний үндсэн дээр дэлхийн газрын тосны 2025 оны эрэлтийн өсөлтийн таамаглалаа өдөрт 1.3 сая торх болгон бууруулжээ. Даваа гарагт нийтлэгдсэн газрын тосны зах зээлийн төлөв байдлын талаар ОПЕК-ийн сар тутмын тайланд уг таамаглалыг тусгасан байна. 


Тухайлбал, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /ЭЗХАХБ/ гишүүн орнууд дахь газрын тосны эрэлтийг бууруулснаар нийлүүлэлт ердөө 40 мянган торхоор өсөх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ ЭЗХАХБ-ын гишүүн бус орнуудын эрэлт буурах хандлагатай байгааг тайланд дурдаад, 2025 онд ойролцоогоор 1.25 сая торхоор өсөх төлөвтэй байна гэж бичжээ.


ОПЕК мөн 2026 оны эрэлтийн өсөлтийн таамаглалыг бууруулснаа АНУ-ын шинэ татварын нөлөөлөлтэй холбон тайлбарласан байна. Ирэх онд дэлхийн даяарх газрын тосны эрэлт өмнөх жилээс ойролцоогоор өдөрт 1.3 сая торхоор нэмэгдэх төлөвтэй байна.


Тарифтай холбоотой шийдвэрүүдээс үүдэн дэлхийн эдийн засгийн ойрын төлөв байдал улам тодорхойгүй болж байгааг ОПЕК онцолжээ. Үүнтэй холбогдуулан тус байгууллага дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх таамаглалаа 2025 онд 3 хувь, 2026 онд 3.1 хувь болгон бууруулснаас гадна АНУ-ын эдийн засгийн өсөлтийг 2025 онд 2.1 хувь, 2026 онд 2.2 хувь болгон бууруулсан байна.


Эдийн засгийн өсөлт нь удаашралтай хэвээр байгаа еврогийн бүсийн 2025 оны өсөлтийн таамаглалыг ч мөн бага зэрэг бууруулжээ. Гэсэн хэдий ч төсөв, мөнгөний урамшууллын арга хэмжээ нь тарифын сөрөг нөлөөллийг арилгахад нөлөөлнө гэдгийг тэмдэглэсэн байна.


Хятад улсын тухайд тус улс худалдааны маргааны нөлөөнд илүүтэйгээр өртөж болзошгүйг тайланд дурджээ. Гэхдээ дотоодын эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээ авах, экспортын зах зээлүүдээ төрөлжүүлэх зэргээр уг нөлөөллийг бууруулах арга хэрэгслүүд Хятадад бий гэдгийг дурдсан байна.

 


Холбоотой мэдээ