Милан-Кортинагийн өвлийн Олимпын галт бамбарыг танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МИЛАН, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /AFP/. Итали улсад ирэх онд болох Милан-Кортинагийн өвлийн Олимп, Паралимпын галт бамбаруудыг Милан, Осака хотуудад даваа гарагт танилцуулжээ.
Италийн хойд нутгийн Турин хот дахь “Carlo Ratti Associati” студид зохион бүтээсэн галт бамбаруудыг Миланы Триеннале урлаг, дизайны музейн театр болон Японд болж буй Дэлхийн экспо үзэсгэлэнгийн Италийн асарт анх удаа үзүүлсэн байна. Миланд гүйлтийн цанын Олимпын аварга асан Стефаниа Белмондо, тэргэнцэртэй туялзуур сэлэмний хоёр удаагийн Паралимпын аварга Беатрис Вио нар дахин боловсруулсан хөнгөн цагаанаар хийсэн галт бамбарыг олон нийтэд үзүүлжээ.
Харин Паралимпын аварга Мартина Кайрони, 2014 оны Сочигийн наадмын уран гулгалтын хүрэл медальт Каролина Костнер нар Осака хотод галт бамбарыг танилцуулсан байна. Итали улсад үйлдвэрлэсэн, 1060 гр жинтэй Олимпын бамбар цайвар цэнхэр өнгөтэй бол Паралимпын бамбар хүрэл өнгөтэй бөгөөд 10 хүртэл удаа ашиглах боломжтой ажээ.
Олимпын галыг 11 дүгээр сарын 26-нд уламжлал ёсоор Грекийн эртний Олимпын тууринд асаах бөгөөд 12 дугаар
сарын 4-нд Афинд авчирна. Түүнээс хоёр хоногийн дараа Ром хотоос эхлэн Итали даяар буухиалж, нээлтийн ёслолоос нэг
хоногийн өмнө буюу хоёрдугаар
сарын 5-нд Миланд авчрах ажээ.
Нээлтийн ёслол Италийн хөл бөмбөгийн аварга “Интер
Милан” болон “АС Милан” багуудын тоглолтыг голчлон
зохион байгуулдаг алдарт Сан-Сиро
цэнгэлдэх хүрээлэнд болно. Албан ёсны
нээлтийн дараа Миланаас
Кортина д'Ампеццо цанын бааз хүртэлх Италийн хойд хэсгийн өргөн уудам нутаг дэвсгэрт Олимпын уралдаан тэмцээнүүд болох юм.