ТӨВ: Дэлхийн хамгийн өндөр морьт хөшөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт Их эзэн Чингис хааны морьт хөшөө бий. Тус хөшөө нь одоогоор дэлхийн хамгийн өндөр морьт хөшөөнд тооцогддог ба хөшөөт цогцолбор нийт 212 га талбайг хамардаг.
Хөшөөний өндөр нь ойролцоогоор 40 метр бөгөөд 36 ширхэг багана бүхий 10 метр орчим өндөр тавцан суурь маягийн барилга дээр байрлуулсан байна.
Байршлын хувьд Улаанбаатар хотоос зүүн урд зүгт 54 км орчим зайд, Туул голын урд дэнж дээр байрладаг.
Төв аймгийн Цонжин болдог гэх энэ газар нь домогт өгүүлснээр Чингис хаан алтан ташуур олсон газар хэмээдэг аж. Энэхүү хөшөөнд түүнийг мориндоо мордон, ташуураа ташаандаа тулан, алсыг ширтэн буй байдлаар дүрсэлжээ.
2008 оны есдүгээр сарын 26-нд хөшөөг анх нээсэн бөгөөд нийт 250 тонн чанаржуулсан гангаар бүтээжээ. Барилгын нийт өртөг 4.1 сая ам.доллар болсон байна. Доод тавцан барилга дотор хоолны газар, бэлэг дурсгалын дэлгүүр болон жижиг музейтэй.
Мориных нь хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижигхэн кино танхимд уг байгууламжийг хэрхэн яаж бүтээж эхэлсэн тухай богино хэмжээний баримтат киног үзэж сонирхоно. Дараа нь морины дэл буй хэсгээс ойр хавийн байгалийн үзэмжийг тольдох боломжтой.