ХӨВСГӨЛ: "Таблеттай багш" санаачилга хэрэгжиж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймагт "Таблеттай багш" санаачилга хэрэгжиж эхэллээ.
Хөвсгөл аймгийн 24 сумын алслагдсан хөдөөгийн баг, хилийн анги салбарт амьдран суугаа, 1400 гаруй хүүхдийн гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагч, хувилбарт сургалтын багшийн дэмжлэгтэй сургуулийн өмнөх хөгжил, боловсролын үйл ажиллагаанд явуулын багшаар дамжуулан хамрагдах боллоо.
Алслагдсан баг, сум, хилийн анги салбарын сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа 2-5 насны хүүхдийн гэр бүлд, боловсролын үйлчилгээний хэрэгцээ шаардлагад нийцсэн, мэдээлэл харилцааны шинэлэг технологид суурилсан сургалтын ухаалаг багц, 4 төрлийн 2000 ширхэг ном гарын авлагыг аймгийн 45 багшид хүлээлгэн өгч, гэр бүлийн орчинд явуулын багшийн дэмжлэгтэйгээр хөгжил, боловсролын үйлчилгээнд хамрагдах боломж бүрдлээ.
Боловсролын ерөнхий газраас тус санаачилгад нэгдэж буй аймгуудыг мэргэжил арга зүйн талаар чиглүүлж, мэдээлэл харилцааны шинэлэг технологид суурилсан сургалтын ухаалаг багцыг боловсруулан түгээж байна.