ААН-үүдийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-16 17:26:49

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг гаргав. 


Тус тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай урт хугацаат "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг цаг алдалгүй, тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Мөн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд борлуулах нүүрс бэлтгэх, олборлолтыг нэмэгдүүлэх, ачилтыг саадгүй, шуурхай гүйцэтгэж ажиллахыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагад даалгав.


Нүүрсний үнийн уналт, цаашдын тодорхойгүй байдлын улмаас худалдан авсан нүүрсээ цааш зарж чадахгүй байгаагаас экспортын гол боомт болох Ганцмод боомтын нүүрс ачиж, буулгах талбай дүүрч экспорт буураад байна. Энэ оны эхний улиралд Монгол Улсын нүүрсний экспорт 17.5 сая тонн болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.3 хувиар буурсан. Түүнчлэн, нүүрсний үнэ унасан нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд сөргөөр нөлөөлж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эхний улиралд нийт 47 удаагийн биржийн арилжаа зохион байгуулснаас 12 нь амжилттай, 35 нь амжилтгүй болжээ.


Иймд Монгол Улсын нийт нүүрсний экспортыг нэмэгдүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг дэмжих, гадаад валютын нөөцийг хамгаалах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнө байгуулсан урт хугацаат нүүрс худалдах, худалдан авах гэрээний нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлэх арга хэмжээ авахаар тогтоол гаргалаа гэж ЗГХМОНХГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ