Дулааны эрчим хүчний бие даасан хуультай болох шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-18 12:07:13

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар байгуулсан Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг энэ сарын 17-нд хуралдав.

 

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийн талаар мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлд танилцууллаа. Тэрбээр, Эрчим хүчний тухай хуулийн 320 заалт хэрэгжиж байгаа бөгөөд нийтлэг зохицуулж буй 293 заалт, цахилгааны онцлог 18 заалт, дулааны онцлог 9 заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Дулааны салбарын тулгамдсан асуудлыг журмаар зохицуулж байгаа бөгөөд хүн ам, аж ахуйн нэгжийн зайлшгүй хангагдах ёстой суурь хэрэглээ, улирлын чанартай хэрэглээ, байршил, бүс нутгаар хязгаарлагддаг байдал, үнийн болон үнэ тарифийн хязгаарлагдмал нөхцөл, зохицуулалт гэх зэргээс шалтгаалж Дулааны эрчим хүчний бие даасан хуультай болох шаардлагатай байгаа нь харагдсан. Иймээс Дулааны эрчим хүчний тухай анхдагч хуулийн төслийг салбарын мэргэжилтнүүдэд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн гэлээ.

 

Ажлын хэсгийн хуулийн зөвлөх С.Амаржаргал, энэ хуулийн төсөлд одоо мөрдөгдөж буй хуульд тусгаагүй асуудал, хүний эрхийг хамгаалах зохицуулалтыг үзэл баримтлалдаа шингээхийг зорьсон. Юуны түрүүнд хэрэглэгчийг аюулгүй, найдвартай, үр ашигтай хангах төлөвлөлтөд анхаарсан хэмээлээ. Хуулийн төслийг боловсруулахад зөвлөхөөр ажилласан Х.Эрдэнэчулуун, дулааны эрчим хүчийг тоолуураар тооцох, тоолуурын систем бий болгох, хууль бус хэрэглээг хуулиар зохицуулах шаардлагатайг онцолсон. Ажлын хэсгийн ахлагч Дулааны эрчим хүчний тухай хуулийн төсөлтэй мэргэжлийн байгууллагууд танилцаад, санал дүгнэлтээ ирүүлэхийг хүссэн.

 

Мөн энэ үеэр салбарын зарим мэргэжилтнүүд Дулааны эрчим хүчний асуудлыг зохицуулах хуулийн төслийг боловсруулан салбарын ажил нэг алхам урагшилж буйд талархалтай байгаагаа дурдаад, зөвхөн хэрэглэгчийн эрх ашгийг түлхүү анхаарах бус дулаан үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудлыг тусгах шаардлагтай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Мөн эрчим хүчний зохистой хэрэглээ, хэрэглэгчийн эрх үүрэг, хариуцлагын тогтолцоо, одоогийн Эрчим хүчний тухай хууль дахь гажуудлыг залруулах, эрчим хүч ашиглагч байгууллагуудын үнэ тарифийн бодлогыг журамлаж, хуульчлах, хуулиар хамгаалагдсан хувийн өмчийн асуудлыг хэрхэх асуудлаар хуралдаанд оролцогчид хөндөн ярилцав.

Эцэст нь мэргэжлийн байгууллагын төлөөлөл хуулийн төслийн талаарх санал, дүгнэлтээ ажлын хэсэгт ирүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ