Украинтай шууд хэлэлцээ хийхийг В.Путин үгүйсгэсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-04-22 10:06:04

МОСКВА, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /DW/. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин иргэний зориулалттай дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоох тухай Украины талын саналыг судалж үзэхээ мэдэгдээд, Орос, Украины хооронд шууд хэлэлцээ хийх боломж байгааг үгүйсгэсэнгүй. 


“Саналыг сайтар судлах шаардлагатай. Магадгүй хоёр талын хүрээнд ярилцаж болох юм" гэж В.Путин өчигдөр сэтгүүлчдэд хэлсэн байна.


Өмнө нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "иргэний дэд бүтцэд холын зайн дрон, пуужингаар хийх аливаа дайралтыг 30 хоногийн хугацаанд зогсоохыг"  Кремльд санал болгожээ.


Сумыд иргэний байгууламж цохилтод өртсөн гэдгийг хүлээн зөвшөөрчээ

Үүний зэрэгцээ Оросын удирдагч дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Сумы мужид өгсөн Оросын Зэвсэгт хүчний цохилтын талаар дурдаад, Украины тал иргэний байгууламжуудыг цэргийн зориулалтаар ашиглаж байна хэмээн мэдэгдсэн байна. "Жишээ нь, манай цэргүүд Сумы муж дахь конгрессын төвд цохилт өгснийг бүгд мэдэж байгаа байх. Энэ иргэний объект мөн үү? Иргэний объект мөн. Гэхдээ тэнд Курск мужид гэмт хэрэг үйлдсэн хүмүүст шагнал гардуулж байсан" гэж В.Путин хэлснийг "Интерфакс" агентлаг эш татан мэдээлжээ.


35 хүнийг хөнөөсөн пуужингийн цохилтыг ОХУ-ын Ерөнхийлөгч "зүй ёсны шийтгэл" хэмээн нэрлэжээ. "Энэ бол тэднийг шийтгэхийн тулд өгсөн цохилт" хэмээн тэрбээр онцлон хэлсэн байна.


Оросын цэргүүд цохилт өгсний дараа буюу дөрөвдүгээр сарын 14-нд Сумы мужийн цэргийн засаг захиргааны тэргүүн Владимир Артюх хэлэхдээ, Украины Зэвсэгт хүчний 117 дугаар бригадын цэргүүдийг Сумы хотод шагнахаар төлөвлөж байсан гэдгийг баталжээ. Харин маргааш нь Ерөнхийлөгч В.Зеленский зарлиг гарган Артюхыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.


Улаан өндөгний баярын эвлэрэл

Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Улаан өндөгний баярыг тохиолдуулан дөрөвдүгээр сарын 19-ний 18:00 цагаас дөрөвдүгээр сарын 21-ний 00:00 цаг хүртэл гал зогсоох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна. Гал түр зогсоох 30 цагийн хугацаанд Оросын цэргүүд байлдааны бүх ажиллагааг зогсоох тушаал авсан гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.


Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский Оросын тал эвлэрлийг 2000 гаруй удаа зөрчсөн гэж Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырскийн илтгэлийг эш татан мэдэгджээ. Гэхдээ дөрөвдүгээр сарын 20-ний өдөр агаарын түгшүүр огт дуугараагүй гэдгийг дурдсан байна. 


Оросын тал мөн Украины Зэвсэгт хүчнийг Улаан өндөгний баярын эвлэрлийг олон удаа зөрчсөн гэж буруутгажээ.



Холбоотой мэдээ