Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байна.
Маргааш нээлтээ хийх уг тэмцээнд эмэгтэй 1800, эрэгтэй 2000-аас дээш чансаатай шатарчид оролцох аж. Уг тэмцээнд оролцсоноор манай шатарчид Ази тивийн 3.3 бүсэд харьяалагдах хүчирхэг орнуудын шилдэг шатарчидтай хамт оюун ухаанаа сорихоос гадна олон улсын чансаагаа нэмэгдүүлэх, цолны баллын болзол биелүүлэх, цаашлаад Дэлхийн цомд оролцох эрхийг эх орондоо авах гэх мэт олон давуу талтай юм.
Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү тэмцээнд Монголд хоёр дахь удаагаа болох гэж байгаа нь энэ. Тодруулбал, зургаан жилийн өмнө манай улс анх удаа уг тэмцээнийг эх орондоо хүлээн авч байсан юм. Тэмцээнд Монгол, Индонез, Сингапур, Малайз, Филиппин, Вьетнам, Хонконгийн 100 орчим тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Тэдний дунд Сингапураас төрсөн 2600 чансаатай супер их мастер Тинг Жинг Яо ирэхээр байгаа юм. Түүний хувьд дэлхийн цомын эрх авах зорилгоор Монголд ирсэн бөгөөд энэхүү тэмцээнд оролцогчдыг чансаагаар тэргүүлж байна. Тэгвэл манай улсаас 70 орчим тамирчин Азийн бүсийн шилдгүүдтэй оюун ухаанаа уралдуулна.
Тэмцээний талаар Монголын шатрын холбооны ФИДЕ хариуцсан төлөөлөгч, их мастер А.Энхтуул ярихдаа, “Монголд зургаан жилийн дараа Азийн 3.3 бүсийн тэмцээнийг зохион байгуулахад бэлэн боллоо. Энэхүү тэмцээнд долоон орны шилдэг шатарчид дэлхийн цомын эрхийн төлөө өрсөлдөх юм. Монгол шатарчид дэлхийн шилдгүүдээс туршлага судлахаас сацуу дэлхийн цомын эрхийг эх орондоо авах боломжтойгоороо онцлогтой. Бид энэ тэмцээнийг 2022 оноос зохион байгуулах саналаа тавьсан юм. Эцэст нь эх орондоо хүлээн авах болсондоо маш их баяртай байна. Тэмцээнд урилгаар шатрын спортод үнэтэй хувь нэмэр оруулсан олон зүтгэлтэн манай улсад ирнэ” гэв.
Тэгвэл тэмцээний оноолт хариуцсан Олон улсын шүүгч, Филиппиний иргэн Майкл Жосеф Пагаран “Монголд анх удаа ирлээ. Маш их баяртай байна. Анх удаа ийм хүйтэн оронд ирж байгаа минь энэ. Гэхдээ ийм том тэмцээнд шүүгчээр оролцох болсон минь азтай хэрэг. Монголд ирээд сэтгэгдэл их өндөр байна. Тэмцээн болох газар маш их таалагдлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Майклын хувьд 2024 онд шүүгчдийн хамгийн өндөр цол болох Олон улсын шүүгч (International arbiter) болсон бөгөөд шүүгчийн хувьд олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдэд ажиллаж байсан арвин туршлагатай. Тэрбээр мөн ФИДЕ зөвлөх багш (FIDE Instructor), Арена их мастер (FIDE Arena GM) цолтой юм.
Тэмцээний нээлт маргааш 14:30 цагт “Холидэй Инн” зочид буудалд болох бөгөөд ирэх сарын 2-нд аваргуудаа тодруулах энэхүү тэмцээний ивээн тэтгэчээр "АПУ Дэйри" компани ажиллаж байгаа аж.