Дэлхийн уран гулгалтын одод шилдэг үзүүлбэрээ толилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-22 15:35:27

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Гурав дахь удаагийн “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу тоглолт “Степп Арена” цогцолборт тавдугаар сарын 24, 25-нд болно.


Энэхүү шоунд тив, дэлхийд нэр алдраа цуурайтуулсан алдартай тамирчид болох олимпын хошой мөнгө, дэлхийн хошой аварга, европын хошой аварга Евгения Медведева, олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга, европын гурван удаагийн аварга Алексей Ягудин, дэлхийн аварга, Европын аварга, Бүх Оросын аварга Елизавета Туктамышева, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, европын аварга Виктория Синицина, Никита Кацалапов, олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Александр Энберт тэргүүтэй уран гулгалтын спортын одод өөрсдийн шилдгийн шилдэг үзүүлбэрээ үзүүлэхээр Монголд ирэх юм. Түүнчлэн Монгол, ОХУ, Гүрж, Беларусийн залуу тамирчин оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа аж.


Шоуны талаар “Степп Арена”-гийн менежер Ж.Санчир ярихдаа, “Уран гулгалтын шоуг мөсөн дээр олон удаагийн давтамжтай хийх шаардлагатай байдаг. Монголд мэргэжлийн түвшинд уран гулгалтаар хичээллэж байгаа гурван тамирчин бий. Энэ удаагийн тоглолтод Монгол Улсаас О.Мишээл тамирчин оролцоно. Уран гулгалтын зориулалтын талбайд мөсний чанар чухал бөгөөд мөс нь 3.5-4.5 хэмийн дулаан, мөсөө +50 хэмийн халуун усаар услах шаардлагатай. Бид энэ стандартын дагуу ажиллаж байгаа. Манай улсад 2023 оны нэгдүгээр сард Япон, Монголын хамтарсан “Тал нутгийн мөсөн шоу” болсон. Түүнчлэн 2023 оны тавдугаар сард “Уран гулгалтын одод Монголд” нэртэй тоглоход ОХУ-ын уран гулгалтын шилдэг 17 тамирчин ирсэн байдаг. Уран гулгалтын соёл нь таалагдсан үзүүлбэртээ баярласнаа илэрхийлж талбай руу чихмэл болон цэцгийн баглаа өгдөг уламжлалтай. Энэ соёлыг бид хэвшүүлнэ. Манай ордон 2670 хүний суудалтай бөгөөд өмнөх тоглолтын билет гурван өдрийн дотор дуусаж байсан” гэв.


Энэхүү шоунд “Никитон” хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун дэлхийн хоёр удаагийн аварга Евгени Медведива хамтарч үзүүлбэр толилуулах бол “Номин талст”-ын А.Хаянхярваагийн хувьд хосын төрлийн алдарт гулгагч Никита Кацалапов, Виктория Синицина нартай хамтарсан үзүүлбэр бэлтгэхээр төлөвлөж байгаа аж.


Спортын хүч чадлыг бүжиг, жүжиг, атлетик, хөгжим, гэрэл, физикийн элиментүүдтэй хослуулан мөсөн дээр тэшүүрээр ганцаараа болон хосоороо үсрэлт, харайлт, эргэлт, өргөлт цаашлаад нарийн эрсдэлтэй хөдөлгөөнүүдийг хийж гүйцэтгэдэг биеийн тамирын онцгой нэгэн төрөл бол уран гулгалтын спорт юм. Монголд олон улсын стандарт шаардлагад нийцсэн мөсөн талбайтай битүү дээвэр бүхий мөсөн ордон нээж, манай хүүхэд залуучууд сонирхон хичээллэж уран гулгалтын спорт эрчимтэй хөгжиж байна.


Тасалбарыг Ticket.mn сайтаас онлайнаар худалдаж авах боломжтой.


 

Холбоотой мэдээ