Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Дэлхийн ширээний теннисний өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд тэмдэглэдэг уламжлалтай. 2025 оны “Дэлхийн ширээний теннисний өдөр”-ийг дэлхий даяар “Diversity and Inclusion буюу Оролцоо ба Олон талт үйл ажиллагаа” гэсэн уриатай тэмдэглэж байна.
Дэлхийн ширээний теннисний өдрийг /WTTD/ 2015 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын энэ өдөр тэмдэглэж ирсэн. Учир нь 1926 онд ширээний теннисний анхдугаар ДАШТ-ийг зохион байгуулагч, Олон улсын ширээний теннисний холбоог үүсгэн байгуулагч, анхны ерөнхийлөгч Айвор Монтагугийн хүндэтгэлд зориулан дөрөвдүгээр сарын 23-нд тэмдэглэдэг болжээ. Энэ бол ширээний теннис, түүнчлэн уг спортыг төлөөлдөг бүх нийтийг хамарсан, нийгмийн хүртээмжтэй байдлыг тэмдэглэдэг өдөр юм.
Энэ өдөр дэлхий даяар ширээний теннисээр хичээллэгчид болон сонирхогчдыг нэгтгэн уг спортыг сурталчлах зорилготой олон үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ. Энэхүү өдрийн хүрээнд Монголын хүн амын дунд нас, хүйс, нийгмийн гарал, хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг үл харгалзан ширээний теннисийг сурталчлах, спортоор дамжуулан хүмүүсийг нэгтгэх зорилгоор Д.Сүхбаатарын талбайд “Хангарди-2025” өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулна.
НЗДТГ, нийслэлийн БТСГ, Монголын ширээний теннисний холбоо хамтран хийж буй энэ өдөрлөгт манай улсад үйл ажиллагаа явуулж буй клубууд оролцох юм. Энэ үеэр клубээ сурталчлах, нөхөрсөг тэмцээн, үзүүлэх тоглолт болон олныг хамарсан уралдаан зохион байгуулах аж. Түүнчлэн ширээний теннисний лигийн энэ жилийн аваргуудад шагнал гардуулна.