Чөлөөт бөхийн тамирчид Загребыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-09 10:47:22

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхий насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хорватын нийслэл Загреб хотод дөрөв хоногийн дараа эхэлнэ.


Энэ сарын 13-21-нд үргэлжлэх тус тэмцээнд 550 орчим тамирчин оролцохоос 20 гаруй нь Парисын олимпын аварга аж. Тэгвэл манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд тамирчдаа сойх бөгөөд Монголын шигшээ багийнхан Загребын зүг хүлгийн жолоо заллаа.


Монголын багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Б.Гантулга, 70 кг-д Т.Тулга, 74 кг-д Э.Төгсжаргал, 79 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Н.Батбилгүүн, 92 кг-д Т.Дэмчигдорж, 97 кг-д Г.Ганхуяг, 125 кг-д М.Лхагвагэрэл нар өрсөлдөнө.


Харин эмэгтэйчүүдээс 50 кг-д Б.Мөнхнар, 53 кг-д Ц.Намуунцэцэг, 55 кг-д Б.Хулан, 57 кг-д Х.Болортуяа, 59 кг-д Т.Алтжин, 62 кг-д П.Орхон, 65 кг-д Т.Энхжин, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д З.Болортунгалаг, 76 кг-д Э.Даваанасан нар зодоглохоор хилийн дээс алхлаа.

Загребын зорьсон манай тамирчдаас гурав нь анх ДАШТ-д өрсөлдөх гэж байгаа бөгөөд тэр нь Б.Мөнхнар, Т.Дэмчигдорж, Б.Гантулга нар юм

Энэхүү тэмцээнийг "Боловсрол" телевизээр эх орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.







Холбоотой мэдээ