Монголын жүдочид Тайландын Бангкокийг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-23 11:27:26

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-нд Тайландын нийслэл Бангкок хотод эхэлнэ.


Дөрвөн өдөр үргэлжлэх тус тэмцээнд 30 орны 295 жүдоч зодоглохоор мэдүүлэг өгчээ. Тэгвэл манай улсаас ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Г.Болдбаатар, Б.Хишигбаяр нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд нийт 18 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээсэн байна. Ингэхдээ эрэгтэйчүүдийн 73, -100, эмэгтэйчүүдийн 52, 70 кг-д тус бүр хоёр тамирчин оруулах юм.


Тамирчдын эхний хэсэг өнөөдөр Бангкокийн зүг хүлгийн жолоо заллаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, 70 кг-ын жинд зодоглох тамирчин өнөөдөр тэмцээн болох орны зорьж байгаа юм. Харин хүнд жингийнхэн буюу эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-д барилдах тамирчид энэ сарын 25-нд эх орноосоо мордох ажээ.


Бүрэлдэхүүнийг танилцуулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн нар барилдана. Тэгвэл эмэгтэйчүүдээс 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, Д.Есүй, -78 кг-д А.Дуламсүрэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар дэвжээнд гарах юм. Багийн барилдааны +90 кг-ын жинд дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц зодоглох ажээ.


Хуваарийг танилцуулъя.

Дөрөвдүгээр сарын 25

Эмэгтэйчүүдийн 48, 52, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаан болно.

Дөрөвдүгээр сарын 26

Эмэгтэйчүүдийн 57, 63, 70, эрэгтэйчүүдийн 73, 81 кг-ын жингийн барилдаан болно.

Дөрөвдүгээр сарын 27

Эмэгтэйчүүдийн -78, +78, эрэгтэйчүүдийн 90, -100, +100 кг-ын жингийн барилдаантай.

Дөрөвдүгээр сарын 28

Багийн барилдаан болно. 

Холбоотой мэдээ