Долгионы дотно инээмсэглэл бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, продюссер, “Инээмсэглэл” хамтлагийн гишүүн, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион нь Монголын Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлагт ажиллаж, бүтээн туурвиж байсан нэр хүндтэй сэтгүүлч, орчуулагч, бидний үзэг нэгт эрхэм хүмүүн билээ.
Б.Долгион нь 1978 оноос Мэдээлэл радио телевизийн улсын хороо /МРТУХ/-ны харьяа МОНЦАМЭ агентлагтай ажил амьдралаа холбож, тус агентлагт 20 гаруй жил ажиллахдаа орос хэлээр эрхлэн гаргадаг “Новости Монголии” сонины орчуулагч, хянагч, ерөнхий редактор гээд бүхий л албыг хариуцаж, эх орноо гадаадад сурталчлах үйлсэд эрдэм мэдлэг, хичээл зүтгэлээ харамгүй зориулсан эрхэм юм.
“Новости Монголии” сонины 75 жилийн ойн баярын дугаарт өгсөн ярилцлагадаа тэрбээр монголын олон арван чадварлаг орчуулагч, тухайн үеийн сор болсон сэхээтнүүдээс суралцан хамт ажиллаж байснаа нандигнан дурсаад, “Новости Монголии” сониноор би үргэлж бахархаж, зүрх сэтгэлдээ үргэлж дурсаж явдаг” хэмээн өгүүлсэн нь бий.
Ард түмний сэтгэлд хоногшсон “Урин хавар ирлээ” , “Зүрхний үг”, “Эх үрсийн элбэрэл”, “Хослон” дуулъя” зэрэг олон арван шилдэг хөгжмийн бүтээлээрээ монголын урлагийн салбарт өөрийн нэрийг дархалсан Б.Долгион МОНЦАМЭ агентлагт ажиллаж байхдаа “Инээмсэглэл” хамтлагийг үүсгэн байгуулалцсан гэгээн түүхтэй.
МОНЦАМЭ агентлагт түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмад сэтгүүлчид түүнийг тал бүрийн өргөн мэдлэгтэй авьяаслаг нийтлэлч байсныг бахархан дурсахын зэрэгцээ байнга инээмсэглэж явдаг туйлын нөхөрсөг, тусархаг дулаан сэтгэлийг нь онцлон дурддаг билээ.
Сэтгүүлч, орчуулагч Б.Долгионы эгэл даруу, шулуун шударга, нөхөрсөг зан чанар, элэгсэг дотно дүр төрх, дотно сайхан инээмсэглэл бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, журмын нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Монголын Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн хамт олон