Хэлэлцээрийг хойшлуулж байна гэж В.Зеленскийг буруутгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /DW/. Украины дайныг зогсоох хэлэлцээрийг Орос улс зөвшөөрсөн гэж үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгдээд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ахиц дэвшил гаргахад саад учруулж байгаа бол Оросын удирдагч Владимир Путинтэй ярьж хэлэлцэхэд хялбар дөхөм байсныг дурджээ.
“Оростой тохиролцсон гэж бид бодож байна. Одоо Зеленскийтэй тохиролцох ёстой. Би Зеленскийтэй хэлэлцээр хийхэд илүү хялбар байх болов уу гэж бодож байсан. Гэвч одоогоор амар бус байна. Гэхдээ бид хоёулантай нь тохиролцсон хэмээн би хувьдаа бодож байна. Тэд хэлэлцээр байгуулна гэдэгт найдаж байна, учир нь бид маш их мөнгө зарцуулсан тул би хэмнэхийг хүсэж байна, мөн энэ бол хүмүүнлэг ёсны томоохон асуудал юм” гэж Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлжээ.
Лхагва гаргийн өглөө Украины удирдагч Крымийг Оросын нутаг дэвсгэр хэмээн хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаны дараа Д.Трамп “энэ дайныг зогсоох асуудлыг маш хүндрэлтэй болгож байна” хэмээн В.Зеленскийг шүүмжилжээ. Энх тайвныг тогтоох АНУ-ын саналд "ОХУ 2014 онд Крымийн хойгийг өөртөө нэгтгэснийг хүлээн зөвшөөрөх болзол багтсан" гэж Америкийн хэвлэлүүдэд бичиж байна.
Зууван танхимд хийсэн хэвлэлийн хурлын үеэр Д.Трамп Крымтэй холбоотой асуултаас бултаж, дайныг дуусгахыг л хүсэж байна, Украин, Оросын аль нэгийг нь илүүд үзээгүй гэж мэдэгджээ. Түүнээс хэдэн цагийн өмнө Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч К.Ливитт хэлэхдээ, Д.Трамп бухимдаж, тэвчээр нь барагдаж байна гээд, хүний амь нас үрэгдэж буйг тэрбээр зогсоохыг хүсэж байна, үүний тулд талууд шийдвэр гаргахад бэлэн байх хэрэгтэй, харамсалтай нь Ерөнхийлөгч Зеленский буруу тийш явж байх шиг байна” гэжээ.