Пакистаны цэргийн зөвлөхүүдийг Энэтхэгээс гарч явахыг шаарджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /DW/. Энэтхэгийн Шинэ Дели хот дахь Пакистаны Дээд комиссын батлан хамгаалах, хуурай замын цэрэг, тэнгисийн цэрэг болон агаарын хүчний асуудал эрхэлсэн зөвлөхүүдийг “persona non grata” буюу тааламжгүй этгээдээр зарлаж, долоо хоногийн дотор Энэтхэгээс гарч явахыг шаарджээ.
Дээрх шийдвэрийг Энэтхэгийн Гадаад хэргийн дэд сайд Викрам Мисри Жамму ба Кашмирт болсон террорист халдлагаас хоёр хоногийн дараа танилцууллаа. Уг халдлагын улмаас 26 хүн амиа алдсан байна.
Энэтхэгийн тал мөн Исламабад хот дахь Дээд комиссын батлан хамгаалах, хуурай замын, тэнгисийн болон агаарын цэргийн зөвлөхүүдээ эргүүлэн татахаар шийдвэрлэсэн тухай “The Times of India” сонинд мэдээлжээ. Эдгээр албан тушаалыг цаашид хүчингүй болгоно гэж мэдэгдэлд дурдсан байна.
Пакистаны иргэдийг мөн Энэтхэгээс гарч явахыг шаарджээ
Энэтхэгийн эрх баригчид мөн Пакистаны бүх иргэнийг дөрөвдүгээр сарын 29-ний дотор визийн хугацаа нь хүчинтэй эсэхээс үл шалтгаалан тус улсаас гарч явахыг шаардсан байна. "Энэтхэгт түр хугацаагаар оршин сууж буй Пакистаны бүх иргэн визийн хугацаа дуусахаас өмнө манай улсаас гарсан байх ёстой" гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Пакистаны иргэдийг мөн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны холбооны (СААРК) визээс чөлөөлөх журмын хүрээнд Энэтхэгт зорчихыг хоригложээ. Тавдугаар сарын 1 гэхэд Энэтхэг, Пакистаны Элчин сайдын яамдын ажилтнуудын тоог 55 байсныг 30 болгон цомхотгоно гэдгийг Гадаад хэргийн дэд сайд мэдэгджээ. Визээс чөлөөлөх журмаар нэвтэрсэн Пакистаны иргэдийг 48 цагийн дотор албадан гаргана.
Усны нөөцийн тухай гэрээний хэрэгжилтийг түр зогсоожээ
Террорист халдлагын дараа Энэтхэгийн Засгийн газрын Аюулгүй байдлын хорооноос Энэтхэг, Пакистаны хооронд 1960 онд байгуулсан Инд мөрний усны нөөцийг хамтран ашиглах тухай гэрээний хэрэгжилтийг түр зогсоосон байна.
“Пакистаны тал хил дамнасан террорист ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ бүрэн зогсоох хүртэл Инд мөрний усны тухай гэрээний хэрэгжилтийг түр зогсоож байна” гэж В.Мисри мэдэгджээ.
Дээрх шийдвэрийн хариуд Пакистаны эрх баригчид мэдэгдэхдээ, хөрш орноо усаар хангахаа зогсоох аливаа оролдлогыг "дайны ажиллагаа" гэж үзнэ хэмээн анхааруулжээ. “Инд мөрний усны тухай гэрээний дагуу Пакистаны эзэмшилд хамаарах усны урсгалыг зогсоох, өөрчлөх аливаа оролдлогыг дайны ажиллагаа гэж үзэж, шийдвэртэй хариу арга хэмжээ авна” гэж Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шарифын ажлын албанаас Үндэсний аюулгүй байдлын хорооны хуралдааны дараа гаргасан мэдэгдэлд онцолсон байна.
Мөн Энэтхэгийн тал Пакистантай залгаа хилийн стратегийн ач холбогдолтой Атари боомтыг хаахаар шийдвэрлэжээ.
Кашмир мужид үйлдсэн халдлага
Дөрөвдүгээр сарын 22-нд Энэтхэгийн аялал жуулчлалын Пахалгам хотод зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 26 хүн амиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь жуулчид байв.
“Greater Kashmir” сонинд мэдээлснээр, халдлагын хариуцлагыг Пакистанаас дэмжлэг авдаг “Эсэргүүцлийн фронт” (The Resistance Front, TRF) гэдэг босогчдын бүлэглэл хүлээжээ. Тус бүлэглэл Жамму ба Кашмир мужийг Энэтхэгийн тал эзлэн авсан гэж үздэг байна. Энэтхэгийн тал энэ бүлэглэлийг террорист байгууллагуудын жагсаалтад оруулжээ.