Орос, Украины хооронд шууд яриа хэлэлцээ хийх боломжийг хэлэлцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА, 2025 оны дөрөвдүгээр сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын тусгай элч Стивен Уиткофф нар Москва хотод баасан гарагт буюу өчигдөр уулзах үеэрээ Орос, Украины төлөөлөгчдийн хооронд "шууд" яриа хэлэлцээ хийх боломжийг хэлэлцсэн тухай Кремль мэдээлжээ.
“Гурван цаг үргэлжилсэн уулзалтын үеэр ажил хэрэгч, маш үр дүнтэй яриа өрнүүллээ" гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, В.Путин, С.Уиткофф нарын хэлэлцээ нь “Украины талаар төдийгүй олон улсын бусад хэд хэдэн асуудлаар АНУ, Оросын байр суурийг улам ойртуулжээ”. Ю.Ушаков мөн Москва, Вашингтоны хооронд хийж буй “үр дүнтэй яриа хэлэлцээ цаашид ч хамгийн идэвхтэй хэлбэрээр үргэлжилнэ" гэдгийг мэдэгдсэн байна.
С.Уиткофф ОХУ-д дөрөв дэх удаагаа айлчлав
Энэ бол Д.Трампын тусгай элч С.Уиткофф, Оросын Ерөнхийлөгч В.Путин нарын Орост хийсэн дөрөв дэх уулзалт юм. Өмнөх уулзалт дөрөвдүгээр сарын 11-нд Санкт-Петербургт болжээ. Тухайн үед дөрвөн цаг гаруй үргэлжилсэн уулзалтын үеэр мөн л Украин дахь цэргийн ажиллагааг зогсоох тухай асуудлыг хэлэлцсэн байна.
С.Лавров: ОХУ Украины асуудлаар АНУ-тай хэлэлцээр байгуулахад бэлэн байна
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "CBS" телевизид өгсөн ярилцлагадаа, Оросын тал хэлэлцээр байгуулахад бэлэн байгаа боловч "сайтар боловсруулж, сайжруулах шаардлагатай асуудлууд бий" гэж мэдэгджээ. "Бид яг энэ үйл явц дээр ажиллаж байна" хэмээн Оросын Гадаад хэргийн сайд хэлсэн байна.
С.Лавров мөн Д.Трампыг “дайн эхлэх болсон үндсэн шалтгаануудыг арилгах шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн дэлхийн цорын ганц удирдагч" гэж нэрлээд, талууд "зөв чиглэл рүү явж байна” гэж онцолжээ.