ӨМНӨГОВЬ: Зохиолчид номын баяраа шинэ номын сангийн нээлттэй хамтатган хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Үгсийн эгшгээр ертөнцийг уярааж яваа Өмнийн цэнхэр говийн 14 найрагч зохиолчийн номын хуримыг номын сангийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаатай хамтатган хийлээ.
Нэгдсэн баярыг нээж “Эгшиглэнт говийн дуулал” ТББ-ын тэргүүн Баясгалангийн Сайнбуян
“Говийн хөх тэнгэр мэт цэлмэг бодол нь элсэн ширхэг мэт нарийн боловч хэзээ ч холбирч няцаагүй ухаарлын үнэнээр хэлхсэн эдгээр бүтээлүүд та бидний өмнө дэлгэгдэж байна.
Энэ бол зөвхөн номын баяр төдий биш. Говийн цэлгэр уудам талд гал мэт дүрэлзэн асаж өндийсөн шүлэг өгүүллэг, хүүрнэл түүхийн халуун дулаан гэрч болсон торгон мөч, бас бидний нэгдмэл сэтгэлийн хамгийн том илэрхийлэл юм” гэлээ.
МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний төвийн тэргүүн Нямжаргалын Минжинсайхан
Өмнөговь аймгийн 3 үеийн найрагчид шинэ номын нээлтээ хамтран өргөн дэлгэр зохион байгуулж байгаад баяр хүргэн
мэндчилгээ дэвшүүлж, ”Шинэ сайхан номын өргөөндөө шинэ номоо өлгийдөн аваад
баринтаг задална гэдэг ховор сайхан гэгээн мөч байдаг. Энэ сайхан мөчүүдийн
торгон агшны гэрч болж байгаадаа хамгийн их талархалтай байгаагаа МЗЭ-ийн Яруу
найргийн үндэсний төвийн нийт яруу найрагчдын нэрийн өмнөөс гүн
хүндэтгэлтэйгээр илэрхийлье. Нэгэн зэрэг 14 номын шинэхэн хуудас эргэж байна
гэдэг дахин давтагдашгүй үйл явдал бөгөөд ялангуяа эдгээр зохиолчдоос анхныхаа
номыг өлгийдөн авсан залууст тусгайлан баяр хүргэмээр байна” хэмээгээд тэдэнд
амжилт хүсэж, өөрийн анхны номыг хүлээн авч байх ахуйн нандин дурсамжаасаа
хуваалцсан юм.
Улмаар Төв номын сангийн дарга Авирын Одончимэг, Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Цогтын Дэнээдорж нар номын баярын нээлтэд баяр хүргэн амжилт хүсэж, зохиолч найрагчид хийгээд соёлын салбарынхны соён гэгээрүүлэх үйл бүхнийг дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.
ИХ ГОВИЙН 33 ДУУЛАЛ
Нэгдсэн номын баярын баринтаг задлах үйл ажиллагаа СТА, МЗЭ-ийн гишүүн, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Төмөрийн Батхүрэлийн эмхэтгэсэн “Их говийн 33 дуулал” номоор эхэллээ. Эрэгтэй зохиолчдын номыг эмхэтгэгч Т.Батхүрэл өөрийн номын багш Болор цомын эзэн Норовын Гантулгын хамтаар шинэхэн номоо нээсэн юм. Тэртээх 1980-аад жилийн өмнө Монголын сод охин Сономын Удвал ахайтны тулгыг нь тулж галыг нь асаасан Өмнөговь аймгийн зохиолчдын хороо өдгөө 60 гаруй яруу найрагчийг эгнээндээ элсүүлэн оюун санааны охь юугаа нэрэн сууж буй нь бахархам сайхан.
Говийн хүү буюу “Хайрын дулаан хорвоо” гэгдэх МУСГЗ, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Эрэнжидийн Хархүү, үргэлжилсэн үгийн ертөнцөд “Паанан” “Соёо” зэрэг бүтээлээрээ дуулиан дэгдээж, шуугиан тарьж гарч ирсэн МУСГЗ, МЗЭ-ийн шагналт зохиолч Доржзовдын Энхболд тэргүүт алтан титэмтэй, нэгэн үеийн найрагчидтай наадмын их тоосон дунд шандсаа сорьж түрүү магнайд хурдалж явсан МЗЭ-ийн шагналт яруу найрагч Давайн Бямбацэнд, ид бичиж явах үедээ билиг танхай байж бичсэн шүлэг бүтээл нь аугаа их Бавуугийн Лхагвасүрэнд тоогдож явсан Энзээгийн Эрдэнээ агсан зэрэг удаах мөнгөн залаагаар гоёсон Өмнийн говийн яруу найрагч, зохиолчдын бүтээл туурвил дундаршгүй арвин ундаргатай юм.
Говь гурван сайхан уул, Өмнийн шаргал говь нь яруу найргийн авшигтай нутаг билээ. Сономын Удвал ахайтан тээр жил энэ л нутагт Уран үгсийн чуулганыг хийж Монголын утга зохиолын аваргууд тухайн үедээ төв цэнгэлдэх хүрээлэн дүүрэн үзэгчтэй нижгэр болсон гэж хууччуул ярьдаг. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан энэ л уран үгсийн чуулганд оролцоод буцахдаа алдарт “Тэхийн зогсоол” найраглалынхаа санааг олж бичиж байсан гэдэг. Мөн ардын уран зохиолч Пунцагийн Бадарч Монголын өмнөд говь Овоотын цэргийн ангид ажиллаж амьдарч эх орныхоо торгон хилийг сахиж суухдаа цэрэг эх орны сонгодог бүтээлүүдээ туурвиж түүн дотроос хүн бүрийн сэтгэлд хит болон хоногшсон “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” дуугаа зохиож, эх орны тухай тарни мэт мөртүүдээ бичиж байжээ. Тэгэхлээр яах аргагүй онгодын авшигтай нутаг билээ.
Гурван сайхан уулын энгэр бэлээс эхлээд алдарт Борзонгийн говь хүртэл холын холоос гүйж ирсэн Улаан нуурын зэгснээс Догшин хутагтын сахиус Дэмчогийн их хийдийн туурь хүртэл энэ өргөн уудам говь нутгийн зон олон дунд билиг танхай найрагчид олон төржээ. Өмнийн цэнхэр говиор овоглосон үе үеийн эрэгтэй зохиолч яруу найрагчдын бүтээл туурвилын өчүүхэн хэсгээс Монголын оюун санааны их голомтод цучил нэмэх их үйлсээр жигүүрлэн Булган нутгийн хүү Төмөрийн Батхүрэл эмхэтгэн ийнхүү уншигч олондоо барилаа.
МЭДРЭМЖ ТӨДИЙ Л...
“Мэдрэмж төдий л...” номын зохиогч Баясгалангийн Сайнбуян “Тэнгэрийн мэлмий” ХХК-ийн ерөнхий захирал, МЗЭ-ийн Өмнөговь салбарын тэргүүлэгч гишүүн, уран бүтээлчдийн нэгдэл “Эгшиглэнт говийн дуулал” ТББ-ын тэргүүнээр ажилладаг.
2017 онд “Орчлонг хайраар өлгийдсөн дуулал”, 2024 онд “Мэдрэмж төдий л...” уран бүтээлийн номоо гаргаж, ийнхүү номын баяртаа оролцож байна. Тэрбээр дууны шүлгийн уран бүтээлийг идэвхтэй хөгжүүлж, олон клип бүтээж нийтийн хүртээл болгосоор байгаа билээ. Тодруулбал, 2014 онд “Бурхад аав ээж минь”, 2019 онд “Хаан хайрхан”, 2022 онд “Дуулж л яваарай бүсгүй минь”, 2022 онд “Хорвоог уяраая” зэрэг дууны уран бүтээлийг туурвиж дүрсжүүлсэн байна.
Мөн 2015-2022 оныг хүртэл Өмнөговь аймгийн шилдэг шүлэг шалгаруулах “Эгшиглэнт говь” яруу найргийн наадмын ерөнхий шүүгчээр ажилласан бөгөөд 2018 оноос “Их говийн дуулал” яруу найргийн цахим хуудсыг хөтлөн найрагч, уран бүтээлчдийг идэвхжүүлэн ажиллаж байгаа нь бахархууштай. Ингээд номын нээлтэд түүний шүлэг, СТА, АБТА Ш.Эрдэнэжаргалын аялгуу “Хорвоог уяраая” дууг СТА, дуучин Б.Отгонтогтох, А.Алтанзул нар дуулж бэлэг барив.
“ХЭЭРИЙН ЦАЙНЫ АМТ”, “АЛТААР БИЧИХ ХӨРӨГ -2” ХОС НОМ
МЗЭ-ийн гишүүн, “Утга зохиолын төлөө” шагналт Мөнхийн Дамдинсүрэн нэгдсэн номын баярын хамгийн ахмад зохиолч юм. Зоотехникч, Хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжилтэй. Нам төр, хэвлэл мэдээллийн салбарт 61 дэх жилдээ үр бүтээлтэй ажиллажээ. 1970-аас оноос хойш тасралтгүй бүтээл хийж, бие даасан уран бүтээлийн ном, хамтарсан болон эмхэтгэсэн хорь гаруй ном гаргасан бол мөн хорь гаруй дууны шүлгийг зохиосон нь олны хүртээл болж заримыг клипжүүлсэн нь өдгөө Монголын радиогийн алтан фондод хадгалагджээ.
Номын баярт М.Дамдинсүрэнгийн шүлэг, СТА, АБТА Ш.Эрдэнэжаргалын аялгуу “Миний нутгийн хүүхнүүд”, “Уухайн цалгиатай зурхайчид” дуунууды нь СТА, дуучин П.Бат-Ундрах хүрэлцэн ирж дуун сацал өргөсөн юм.
“САРАНД БҮҮВЭЙЛҮҮЛСЭН ГОВЬ”, “НАР АЧСАН ГОВЬ” ХОС НОМ
Номын зохиогч Товон овогт Цогтын Цэнгэлбаяр нь хүүхэд ахуй цагаасаа шүлэг бүтээлээ туурвин 2002 онд анхны хэвлэл “Саранд бүүвэйлүүлсэн говь” номоо гаргаж байжээ. Өмнөговийн шилдэг шүлэгч шалгаруулах уламжлалт “Эгшиглэнт говь” яруу найргийн наадмын гурван удаагийн тэргүүн болон гурван удаагийн дэд байр, “Бүйлс цэцэглэх цагаар” хайрын шүлгийн наадмын 2 удаагийн тэргүүн, “Говь тэмээ хоёр-2023” яруу найргийн наадмын тэргүүн, “Номгон нутаг -2025 ” яруу найргийн наадмын тэргүүн байрыг тус тус хүртсэн. 2025 онд “Саранд бүүвэйлэгдсэн говь” шүлгийн түүврийг шинэчлэн хэвлүүлж, “Нар ачсан говь” яруу найргийн номоо бичиж ийнхүү олны хүртээл болгож байна.
ЗӨНГИЙН ТОЙРОГ
Сэтгүүлч, яруу найрагч Сүнжидмаагийн Дэлгэрцэцэгийн “Зөнгийн тойрог” номын баяраар үргэлжилж байна. С.Дэлгэрцэцэг хүүхэд бага наснаасаа шүлэг бүтээлээ туурвисан бөгөөд сэтгүүл зүйн салбарт 17 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн дээд шагнал “Ган үзэгтэн” цол тэмдэгтэй. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Өмнөговь аймаг дахь сурвалжлагчаар ажилладаг. Тэрбээр 2002 онд “Өндөг хагарах цаг” фракци, 2008 онд “Хүн сүүдэр”, 2025 онд “Зөнгийн тойрог” шүлэг, эсээ, нийтлэлийн номоо гаргажээ. Ингээд түүний номын баярт бэлэг барин СТА, дуучин Г.Баттөмөр хүрэлцэн ирж, өөрийнх нь шүлэг, СТА, уран сайхны удирдаач С.Туяахүүгийн аялгуу “Дээдсийн нутаг” дууг нь дууллаа.
МОНГОЛООРОО БАЙЖ ХАЙРЛА
Монголоороо байж хайрла номын зохиогч А.Төрбат нь 1968 онд Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн. 1989 оноос өнөөг хүртэл төрлөх нутагтаа тэмээн сүргийг адгуулан маллаж, уламжлалт МАА-гаа эрхлэхийн сацуу шүлэг яруу найргаа тасралтгүй бичсээр байна. 2025 онд анхны бие даасан шүлэг өгүүллэгийн “Монголоороо байж хайрла” номоо хэвлүүлжээ. Шүлгээрээ ярьдаг ард түмний нэгэн эд эс, жирийн монгол малчин найрагч өөрийн дотоод ертөнцөө уудалж, ур их авьяасын үүцээ ийнхүү дэлгэж байна.
Энэ агуу философийг нүүдэлчин Монголын уураг тархи жилийн дөрвөн улирлын эргэлтэд хэрхэн улам бүр боловсронгуй болгож, хүн байгалийн нандин харилцаанаас үүсгэсэн юм гэдгийг эл номын зохиогчийн үзэл суртал, эх орны үүдэн босго, буйдхан говийн буурь голомтоо манан буй малчин ардын аж амьдралаас бүрэн харж болох билээ. Тэрбээр 2024 онд Номгон нутгийн сүлд дуу “Буян хурайлсан нутаг” дууны уран бүтээлийг туурвин клипжүүлж, түүхт 100 жилийн ойдоо бэлэг барьсан билээ. Тус номын баярын үйл ажиллагаанд А.Төрбатын шүлэг, УГЗ Ш.Өлзийбаярын аялгуу “Буян хурайлсан нутаг” дууг нь СТА, дуучин А.Алтанзул аялгуулан эгшиглүүллээ.
ӨВСНИЙ СЭРЧИГНЭЭ
“
Өвсний сэрчигнээ” номын зохиогч, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Зэлмэн овогт Балдоржийн Баянтунгалаг нь хүүхэд ахуй цагаасаа шүлэг бүтээлээ туурвиж, Өмнөговь шилдэг шүлэгч шалгаруулах “Эгшиглэнт говь” наадмын дөрвөн удаагийн тусгай байр, 2017 онд “Бүйлс цэцэглэх цагаар” хайрын шүлгийн наадмын дэд байр, 2022 онд “Эгшиглэнт говь” яруу найргийн наадмын гутгаар байр, “Эгшиглэнт говь” яруу найргийн гурван удаагийн дэд байр, 2019 онд эр цэргийн баярт зориулсан “Өмнөд хязгаарын эгшиглэн” найргийн наадамд дэд байр, 2020 онд “Дэмчогийн эгшиг” анхдугаар найргийн наадмын дэд байр, 2013 онд Ханбогд сумын зохиолчдын “Таана цэцэглэх цагаар”, 2019 онд Өмнөговийн эмэгтэй зохиолчдын “Ижий говийн дуулал” антологи номуудад бүтээлээ хэвлүүлсэн байна.
Тэрээр Ханбогд сумын “Галбын эгшиглэн” утга зохиолын нэгдлийн тэргүүлэн ажиллаж, сум орон нутагтаа утга зохиолын үйлсийг дэлгэрүүлэн ажиллаж байна.
ХҮРЭЛ ДОМОГ I, II ХОС РОМАН
Говь нутгаас төрөн
гарсан үргэлжилсэн үгийн нэрт төлөөлөл Д.Энхболд, Үрчээгийн Батням, Жамбын
Нордог зэрэг мундагчуулынхаа эгнээг тэлэн “Хүрэл домог 1, 2” хос романаа бичиж хэвлүүлсэн
Дамдинсүрэнгийн Махгал нь 1977 онд Баяндалай
суманд төрсөн. Ая зохион шүлэг бүтээлээ тасралтгүй туурвисаар ирсэн авьяаслаг
уран бүтээлч билээ. Биеийн тамирын багш, дасгалжуулагч, мөн Улс төр судлаач
мэргэжилтэй. Хүрэл домог" түүхэн хос роман, "Тэрслүү..." шүлгийн
түүвэр, дан дуун шүлгүүд бүхий "Аяны түрлэгтэй шүлгүүд" номуудаа хэвлүүлээд байна. Энэ гэгээн номын
баяртаа тэрээр аймаг орон
нутгийнхаа домог болсон амьд хөгжмийн “Тулга” хамтлагийг урин ирүүлжээ. Тус
хамтлагын уран бүтээлийн дийлэнх хөгжим аялгууг Д.Махгал зохиосон юм.
ИЖИЙ ХАЙРЫН НУТАГ
Номын зохиолч Ичинхоролын Цэндсүрэн. 1953 онд Манлай суманд төрсөн. Яслийн сувилагч мэргэжилтэй. Монголын Рейки бясалгалын холбооны Өмнөговь аймаг дахь салбар “Ариун энерги” төвийн тэргүүн, гранд мастер багшаар ажилладаг. Яруу найрагч И.Цэндсүрэн нь 2018 он “Гэгээн оргилын хөтөч”, 2019 он “Ижий говийн дуулал” эмэгтэй зохиолчдын номонд бүтээлээ хэвлүүлсэн бол 2020 онд анхны бие даасан “Хурмастын хонгорзул цэцэг” ном, 2024 он “Зуунаа мялаасан утга уянгын 100 бүтээл” эмхэтгэл ном, 2024 он “Ижий хайрын нутаг” уран бүтээлийн номоо гаргасан өмнийн говь авьяаслаг ахмад уран бүтээлчдийн нэг юм.
И.Цэндсүрэнгийн шүлэг, Ш.Эрдэнэжаргалын аялгуу “Ижий хайрын” дууг нь СУИС-ийн Дуулаачийн ангийн оюутан А.Маргад-Эрдэнэ бол СТА, дуучин Г.Алгирмаа "Ботгоны дуу"-г нь тус тус дууллаа.
ШҮЛГЭНД ДУРЛАСАН ХАВАР
ХМТА, “Ган үзэгтэн” шагналт Чогзовын Амгалангийн “Шүлгэнд дурласан хавар” ном ийнхүү олны өмнө дэлгэгдэж байна. Номын зохиогч Ч.Амгалан 1963 онд Ханбогд суманд төрсөн. Архив бичиг хэргийн ажилтан мэргэжилтэй. Ханбогд сумын “Галба ахмадын хороо” ТББ-ын тэргүүнээр ажилладаг. Тэрээр бие даасан болон хамтын 10 гаруй уран бүтээлийн ном бичиж туурвижээ.
Ингээд
номын баярын нээлтийг тохиолдуулан Ч.Амгалангийн шүлэг,
Ш.Эрдэнэжаргалын аялгуу “Манай говийнхон жаргалтай” дууг СТА, дуучин П.Бат-Ундрах
хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө.
ОГТЛОЛЦОЛ
Номын зохиогч Мөнхбаатарын
Билгүүндалай 1996 онд төрсөн. Өмнөговийн утга зохиол төдийгүй, үндэсний спорт, дуу хөгжим, сэтгүүл зүй,
дэлгэцийн бүтээлүүдэд авьяас билгээ сорин хүсэл тэмүүллээр жигүүрлэн яваа залуу уран бүтээлч юм. Бага балчир наснаасаа шүлэг яруу найрагт
хөглөгдөн олныхоо дунд бүтээл туурвиж, сонсож мэдэрч, халуун залуу насныхаа
шуугиант жилүүдээс баяртай гунигтай бүхий л мэдрэмжүүдээ шигшин анхныхаа
шүлгийн түүврийг өлгийдөн авч буй нь энэ билээ. Сэтгэлгээний шүлгүүдийн
өвөрмөц хэв маягууд түүний дотоод хүнийг бүрнээ илтгэх биз ээ. Тухайн хүний мэдлэг чадвар
гэхээс илүү дотоод ертөнцийн зөн совин, сэтгэлийн хэмжүүр, аливааг хүч
түрэмгийлэн шийдэх биш бусдын бодол санааг эхлээд харгалзан үзэж байж дараа нь
өөрийгөө гэсэн үзлүүд хайрын шүлэгнүүдээс нь бүүр тодорхой харагддаг. Өвөрмөц сэтгэлгээтэй хүмүүс аливааг хуулах бус
бүтээдэг.
“Сэтгэлийн ноорогт”, “Тэнгэрлэг ухаант хязгааргүй гүн тэнэглэлийн минь хэлтэрийд”, “Итгэлийн сиймхийд” гэсэн түүний гурван бүлэг шүлэг бүхий сэтгэлгээний өвөрмөц ертөнцөд та бүхнийг тухлан саатахыг урьж байна.
АНИРГҮЙН ХЭЛ
Номын зохиогч Эрдэнэтөгсийн Санчир 1997 онд Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн. Кино найруулагч, зураглаач мэргэжилтэй. Хүн бүрийн мэдрэх, таашаах, хүртэх нь өөр өөрийн өнгөтэй шиг бодолд унах үй түмэн анир ч гэсэн өөрийн эгшигтэй. Түүнийг хэрхэн буулгаж бичиглэх нь яруу найрагч зохиолч хүмүүний нарийн мэдрэмж болоод үзэж туулсан хийгээд мэдэж боловсорсон бүхэнтэй нэгдэж нэгэн ур дүйт шүлгийг, зохиолыг бүтээдэг билээ.
Зарим зүйлд дэндүү гэнэн мэт, зарим
зүйлд дэндүү хэрсүү мэт, заримдаа ямар ч ойлгомжгүй мэт, заримдаа яг тийм шүү
гэмээр мэт энгийн сэтгэлгээний шүлгүүд түүний номд буй.
МӨРӨӨДЛИЙН ЭХЛЭЛ
Номын зохиогч Мөнхбаатарын Нандинболор нь Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. Түүний анхны номыг ариутган тунгаасан “Болор цом”-ын
эзэн Н.Гантулга “Дэлхийн яруу найргийн өдөр С.Удвал гуайд зориулж шүлэг
тэрлэсэн Нандинболор дүүгээ хайрланам. Өмнийн говьд очих бүрийд нэг
сайхан найрагчтай танилцаж, нэг сайхан ертөнц сэтгэлд минь шинээр нээгдсээр
байдаг. Яруу сайхны ертөнцийг олж нээх шиг үнэт зүйл үгүй сэн. Тэртээ
2019 оны хавраас хойш өмнийн говийн олон олон гэрэлт найрагчийн бүтээлүүд шил
шилээ даран дуугаа хадаан мэндэлж байна.
Мөнхбаатарын Нандинболор дүү минь “Мөрөөдлийн эхлэл” номоо
хэвлүүлж өөрийнх нь шүлэглэн хэлсэнчлэн “...Ээжийн оёсон дээлний эмжээр шилбэ
нь гялалзах нь сайхан, аавын барьсан морьдын амгай зуузай шаргих нь сайхан,
Шинийн нэгний өглөөний нар асгарах сайхан” лугаа найргийн номоо мөнхийн гэрэлт
наранд амсуулж, ачит ижий аав, халуун бүлийнхнийгээ баярлуулан буй нь сайхан.
МАНАЙД БИЕЛДЭГ ИД ШИД
“Манайд биелдэг ид шид” номын зохиогч Цэнджаргалын Чулуун-Эрдэнэ. 1998 онд төрсөн. Экологич мэргэжилтэй. Анхны номыг нь өмнөтгөн тэгшитгэсэн МЗЭ-ийн гишүүн Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Төмөрийн Батхүрэлийн “Ид шидийг биелүүлэхүй” буюу түүний ертөнцийг сөхөхүй...” доторх бичвэрт: “... Тэр үгийн ид шидийг биелүүлэхээр өөрийнхөө дотоод ертөнцөөр эрэл хайгуул хийж чухам өнцөг булан бүрийг онгичиж хаяжээ. Түүний шүлэг бүхэнд хүлээлт, асуулт буй нь өөрийнх нь ертөнцөд цаг хугацаа ноёлсны шинж биз ээ. Угаас бүсгүй хүний дотор нууцхан хүлээлт, хариултгүй асуултууд байдаг нь тэдний мэдрэмжийн утас хичнээн эмзэг хийгээд бас тайлагдагшгүйг илтгэнэ.
Ерөөс түүний ертөнц болоод ид шид элдэв гоёл чимэггүй их энгийн бөгөөд нэн гэгээн ажээ. Гуниглах хийгээд баярлах нь ойрхон, үг мөрөө энгийнээс түүж эвлүүлээд түүгээрээ ямар нэгэн ид шид бүтээх утга зангидаад орхидог юм байна.
Сэтгэлд гунигийн цагаан хяруу буусан тэр намраар
Сэрүүхэн байвал өмсөнөө гэсэн хэдэн зузаан цамц л байлаа надад
Аравдугаар сарын Борзонгийн говь
Аанай л дулаан хэвээрээ байлаа... Говийн намар урт л даа. Энэ их урт намрыг давахын тулд яруу найрагч хүмүүн уйтгарын далайг гэтэлж, мэдрэмжийн уулсыг давах хэрэгтэй болно. Ц.Чулуун-Эрдэнэ энэ урт намрыг гэтлэхийн тулд мэдрэмжийн сэлүүрээ бат атган хэдэн нэхмэл үгсээр өөрийгөө зузаалж замдаа гарчээ. Утгын их далайд урт зам туулна даа. Тэнгэр нь ягаан, цас бороо нь хайр, салхи навчис нь гуниг, өдөр хоногууд нь хүлээлт, цаг хугацаа нь асуулт байдаг чиний ертөнцөд олон олон ид шид биелэсээр байх бизээ” хэмээжээ.
Ийнхүү Өмнөговь аймгийн 14 зохиолч найрагчдын нэгдсэн номын баярын үйл ажиллагаа өргөн дэлгэр болж олон шагналын хур бууж, СТА цол тэмдгээр:
МЗЭ- ийн гишүүн, Утга зохиолын төлөө шагналт Мөнхийн Дамдинсүрэн
МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Төмөрийн Батхүрэл
МЗЭ-ийн Өмнөговь салбарын гишүүн, яруу найрагч Адьяагийн Төрбат нарыг шагнасан бол
Соёлын яамны хүндэт жуух бичгээр:
МЗЭ-ийн Өмнөговь салбарын гишүүн, ахмад найрагч Ичинхоролын Цэндсүрэн
ХМТА, “Ган үзэгтэн” ахмад сэтгүүлч яруу найрагч Чогзовын Амгалан нарыг шагналаа. Харин "Тэргүүний залуу сэтгүүлч"-ээр МЗЭ-ийн Өмнөговь салбарын гишүүн, сэтгүүлч яруу найрагч Сүнжидмаагийн Дэлгэрцэцэг, сэтгүүлч яруу найрагч Мөнхбаатарын Билгүүндалай
“Тэргүүний залуу” алтан медалиар:
МЗЭ-ийн Өмнөговь салбарын гишүүн яруу найрагч
Цогтын Цэнгэлбаяр, МЗЭ-ийн Өмнөговь салбарын гишүүн яруу найрагч
Эрдэнэтөгсийн Санчир, яруу найрагч
Мөнхбаатарын Нандинболор, яруу найрагч
Цэнджаргалын Чулуун-Эрдэнэ нарыг тус тус шагнаж
урамшууллаа. Харин Даланзадгад сумын Засаг даргын хүндэт жуух бичгээр СТА, ая
зохиогч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Махгал, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Балдоржийн
Баянтунгалаг нарыг шагнажээ.
Номын баярын нэгдсэн баярын үйл ажиллагааг МҮОНР-гийн нэвтрүүлэгч Даваажавын Сайнтод найрагч уран бүтээлчдийг дэмжин хөтлөн чиглүүлж, номын буяныг дэлгэрүүлсэн
бол өмнийн говийн шүлэг бүтээлийг дуун уран бүтээлээр олон түмэнд хүргэхэд
хоёргүй сэтгэлээ зориулан бодит хөрөнгө оруулалтыг тасралтгүй хийсээр ирсэн
СТА, АБТА ая зохиогч Ш. Эрдэнжаргал болон СГЗ, МЗЭ-ийн болон Нацагдоржийн нэрэмжит шагналт
Доржзовдын Энхболд, МЗЭ-ийн Яруу найргийн Үндэсний
төвийн тэргүүн Н.Минжинсайхан, “Болор цом”-ын эзэн Н.Гантулга, “Болор цом”-ын
эзэн, Монголын Урчуудын эвлэлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга А.Лхагва, МЗЭ-ийн
Хяналтын зөвлөлийн дарга, Хэл бичгийн ухааны доктор Б.Урангоо, МЗЭ-ийн болон
Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Э.Гантулга нар хүндэт зочноор
уригдан оролцсон юм.