Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-04-29 18:06:17

ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /BBC/. Татвар ногдуулах шийдвэрээс нь үүдэн Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах нөлөөллийг багасгах арга хэмжээг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп авахаар төлөвлөж байна гэж Цагаан ордны өндөр албан тушаалтан мэдэгджээ.


Худалдааны сайд Ховард Лутник Reuters агентлагт мэдээлэхдээ, дотооддоо үйлдвэрлэл явуулдаг компаниудыг урамшуулах энэхүү тохиролцоо нь Ерөнхийлөгчийн худалдааны бодлогын хувьд томоохон ялалт юм гэлээ. Ерөнхийлөгч Америкт үйлдвэрлэдэг тээврийн хэрэгслүүдэд ашигладаг гадаадын зарим эд ангийн импортын  татварыг бууруулах арга хэмжээг зарлах төлөвтэй байна


Мягмар гарагт Д.Трамп үүрэгт ажилдаа орсноосоо хойш 100 хоногийн хугацаа өнгөрч буйг тохиолдуулан Мичиган муж улсад цуглаан хийхээр төлөвлөжээ. Тус муж улсад Детройтын гурван автомашин үйлдвэрлэгч гэгддэг "Ford", "General Motors", "Stellantis" компаниудаас гадна уг салбарын 1000 гаруй нийлүүлэгчдийн томоохон сүлжээ бий.


Д.Трамп татвар тарифыг эдийн засгийн төлөвлөгөөнийхөө гол цөм болгож, энэ үгийг толь бичгийн хамгийн сайхан үг гэж тодорхойлж байсан удаатай. Гэвч түүний тогтоосон татвар тарифууд дэлхийн санхүүгийн зах зээлд савлагаа үүсгэж, бизнес эрхлэгчдийн дунд тодорхойгүй байдлыг бий болгож, эдийн засаг огцом удаашрах вий гэсэн болгоомжлолыг улам нэмэгдүүлсэн юм. Харин автомашины үйлдвэрлэлд үзүүлэх нөлөөллийг багасгах алхам нь түүний засаг захиргаа бодлогодоо уян хатан хандах гэсэн оролдлого гэж шинжээчид үзэж байна. 


General Motors-ын гүйцэтгэх захирал Мэри Барра энэхүү мэдээг сайшаан хүлээн авсан байна. АНУ-ын авто машины үйлдвэрлэл болон биднээс хамааралтай сая сая америкчуудыг дэмжсэн Ерөнхийлөгч Трампад бид талархаж байна. Ерөнхийлөгч болон түүний засаг захиргаатай хийсэн үр дүнтэй яриа хэлэлцээг бид өндрөөр үнэлж, цаашид хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна гэж тэрбээр ВВС-д мэдээлжээ. "Ford", "Stellantis" компаниудын хувьд энэ талаар тодруулах хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна


Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн эвсэл гадаадаас импортолдог авто машины эд ангиудад 25 хувийн татвар ногдуулахгүй байхыг Ерөнхийлөгчид уриалсан юм. "GM", "Toyota", "Volkswagen" зэрэг компаниудыг төлөөлсөн бүлгүүдээс түүний засаг захиргаанд илгээсэн захидалд, татвар ногдуулах шийдвэр нь “хэрэглэгчдийн хувьд автомашины үнийг өсгөж, дилерийн борлуулалтыг бууруулж, тээврийн хэрэгслийн үйлчилгээ, засварыг илүү үнэтэй болгоно гэж бичжээ. Д.Трамп өмнө нь уг татварыг тавдугаар сарын 3 гэхэд ногдуулж эхэлнэ гэж мэдэгдэж байв.

Холбоотой мэдээ