Д.Трамп 100 хоногийн тайлангаа тавив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-04-30 10:23:06

ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажилдаа орсноосоо хойш 100 хоногийн хугацаа өнгөрч буйг тохиолдуулан сонгуулийн сурталчилгааны маягтай үг хэлж, гаргасан ололт амжилтуудаа сурталчилж, улс төрийн дайснуудаа шүүмжилжээ


Тэрбээр Мичиган муж улсад цугласан дэмжигчдэдээ хандан үг хэлэхдээ, ерөнхийлөгчийн албан тушаалыг “гүн гүнзгий өөрчлөлт хийхэд ашиглаж байна гэсэн байна. Бүгд найрамдах намын /БНН/ гишүүн тэрбээр Ардчилсан намаас сонгогдсон өмнөх Ерөнхийлөгч Жо Байденаар доог тохуу хийж, Холбооны нөөцийн сангийн тэргүүнийг шүүмжилж, өөрийнх нь нэр хүнд унаж буйг харуулсан санал асуулгыг үгүйсгэжээ.


Д.Трамп АНУ-д хууль бусаар нэвтэрч буй цагаачдын тоог эрс бууруулаад байгаа боловч дэлхий даяар худалдааны дайн дэгдээгээд байгаа нь эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй байна. “Бид дөнгөж эхэлж байна, та нар юуг ч олж хараагүй байна гэж Д.Трамп мягмар гарагт Детройт хотод цугласан хүмүүст хандан хэлжээ.


Д.Трамп Америкийн авто машины үйлдвэрлэлийн төв дээр үг хэлэхдээ, авто машины компаниуд тус муж улсад шинэ үйлдвэрүүдээ нээхээр урт дараалал үүсгээд байна гэв. АНУ-ын авто машин үйлдвэрлэгчид үнийн өсөлтийн талаар анхааруулсны дараа тэрбээр мягмар гаргийн өглөө эдийн засгийн төлөвлөгөөнийхөө гол цөм болсон гадаадын авто машин ба эд ангиудын импортын татварыг зөөлрүүлсэн юм.


Цуглааны үеэр Д.Трамп мөн түүний нэр хүнд унасныг харуулсан санал асуулгуудыг хуурамч гэж мэдэгджээ. “Gallup” төвийн мэдээлснээр, Д.Трамп бол дэлхийн II дайнаас хойш ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсноос хойших 100 хоногийн дараах байдлаар олон нийтээс 50-иас бага хувийн дэмжлэг авсан цорын ганц ерөнхийлөгч болсон бөгөөд 44 хувийн санал авсан байна. Гэвч БНН-ын сонгогчдын дийлэнх нь Ерөнхийлөгчийг тууштай дэмжсэн хэвээр байна. Түүнчлэн өрсөлдөгч Ардчилсан намын нэр хүнд ч санал асуулгын дүнгээр тааруу үзүүлэлттэй байна.


Д.Трамп цагаачлалын асуудалд ахиц дэвшил гарч буйг цохон тэмдэглээд, өмнөд хил дээр өнгөрсөн оны гуравдугаар сард 140 мянган зөрчил гарч байсан бол 7000 гаруй болж буурсныг дурджээ. Мягмар гарагт Цагаан ордон мөн түүний бүрэн эрхийн хугацаанд ойролцоогоор 65 700 цагаачийг албадан гаргасан гэж мэдэгдсэн боловч энэ нь өнгөрсөн санхүүгийн жилийнхтэй харьцуулахад удаашралтай байна.


Д.Трамп илтгэл тавих үеэрээ АНУ-аас албадан гаргагдсан хүмүүсийг Эль-Сальвадор дахь шоронд илгээж буй дүрс бичлэгийг үзүүлжээ. Түүний цагаачлалын эсрэг тэмцэл нь хууль эрх зүйн олон сорилттой тулгарсан юм. Мягмар гарагт хэлсэн үгэндээ тэрбээр өндөгний үнэ 87 хувиар буурсан гэж мэдэгдсэн нь засгийн газрын тоо баримтаас зөрж байна. Д.Трампыг албан тушаалдаа орсноос хойш инфляц, эрчим хүчний үнэ, орон сууцны зээлийн хүү буурсан хэдий ч ажилгүйдэл бага зэрэг нэмэгдэж, хэрэглэгчдийн сэтгэл ханамж буурч, хөрөнгийн зах зээл хямралд оржээ.

 


Холбоотой мэдээ