ХОВД: "Манлайлах сар" аянаар номын ач холбогдлыг сурталчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-04-30 13:25:32

Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Нийтийн номын сангаас энэ сард "Манлайлах сар" аяныг өрнүүллээ.


Аяны хүрээнд бүх нийтийн уншлагыг дэмжих, ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зарим байгууллагын ажилтнуудыг "Номтой өглөө" үйл ажиллагаанд оролцуулж, зөөврийн номоор үйлчилгээ үзүүлжээ.  


Мөн аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, коллежийн оюутан, залуусын дунд бүтээлч уншлага, "Алтан хонх" тэмцээн зэргийг өрнүүллээ. Энэ нь сурагчид сонирхсон номоо сонгон уншиж, номын агуулга, үйл явцын талаар ярилцах, өөрсдийн уншлагын туршлагаа хуваалцах боломж бүрдүүлснээрээ онцлогтой юм.


Өнөөдөр “ Манлайлах сар" аяны хүрээнд Нийтийн номын сангийн ажлын баг Манхан сумын Соёлын төвд ажиллаж байна. 


Хөтөлбөрийн дагуу номын сангийн үйл ажиллагааг танилцуулж, түүх, соёл, ёс заншил, уран зохиолын шинэ ном гээд 150 гаруй номын үзэсгэлэн гаргажээ. Мөн оньсого хэн сайн мэдэх вэ? үйл ажиллагаа зохион байгуулж байгаа талаар Нийтийн номын сангаас мэдээллээ.

Дээрх аяны үйл ажиллагаа нь номын үйлчилгээ, уншлага, соёлыг дэмжих, иргэдийн мэдлэгийн цар хүрээг тэлэх, мөн ном унших  боломж бүрдүүлэхэд чиглэж, олон нийтэд номын ач холбогдлыг таниулан, харилцан хүндэтгэлтэйгээр нийгэмд эерэг нөлөө үзүүлэх үр дүнг бий болгох юм.  

Аяны хүрээнд Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн уран бүтээлээс цахим хэлбэрээр танилцуулж, иргэд олон нийтэд сурталчилж буй. 
 

Ховд аймгийн Нийтийн номын сан одоогоор 75 мянга гаруй номтой.
Тус номын сангийн долоон танхимаар жилд дунджаар 44 мянга гаруй иргэн үйлчлүүлж байна.
Эдгээр уншигчийн 80 гаруй хувь нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид юм. 


Холбоотой мэдээ