СЭЛЭНГЭ: Ш.Төмөрбат: Ямар ч нөхцөлд жолооч, машин 2 бэлэн байх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-30 13:40:52

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн жолооч Ш.Төмөрбат улсад 39 жил ажилласнаас аймгийн нэгдсэн эмнэлэгт 31 жил тасралтгүй ажиллаж өнөөдөр гавьяаныхаа амралтад сууж байна.

 

-Та өнөөдөр гавьяаны амралтаа эдлэхээр хамт олноороо үдүүлэн зогсож байна. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Би 1994 онд анх түргэний жолоочоор ажилд орсон. Энэ цагаас хойш урт бөгөөд богино ч юм шиг энэ хугацаанд олон сайхан эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, жолооч нартай хамт иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах их үйлсэд мөр зэрэгцэн зүтгэжээ.

Хүнд хэцүү, түгшүүртэй цаг мөчид хамтдаа сэтгэл зовнин даван туулж, баяр жаргалаа хуваалцаж явсан сайхан мөчүүдээ би байнга дурсан санаж явах болно.

 

-Та энэ 31 жилийн хугацаанд хэдэн удаа дуудлагад явсан тоогоо гаргаж байв уу?

-Дээхэн үед ханиад томууны үеэр 24 цагт бараг 60-аад дуудлага ирдэг байсан. Одоо бол харьцангуй бага, ихдээ 20-30, тэгээд 10 гаруй гэж бодоход их тоо гарах байх аа. Ёстой энэ тоогоо гаргаж байсангүй.

 

-Та 2 нийгмийн үед түргэн тусламжийн жолоочоор ажилласан байна. Тухайн цаг үеийнхээ онцлог, барьж байсан машиныхаа талаар хуваалцахгүй юу?

-Социалист нийгмийн үед юм даа, УАЗ-469 гэж Оросын машин байсан. Түүгээрээ дуудлагад явна. Бороо, шороо, цас, шуурга, шөнө, өдөр, өвөл, зун, халтиргаа гулгаа, намаг шалбааг гээд дуудлага л ирсэн бол шууд л явдаг. Эмч нарын маань багаж төхөөрөмж хангалтгүй, хэцүү үе байсан даа. Алсын дуудлага аваад явахад зам хэцүү, газар хол, ёстой л нидрүүлэг дээр явж байгаа юм шиг л явдаг байлаа шүү дээ. Одоо бол маш сайхан болсон. Машин маань бүрэн тоноглогдсон, өвчтөнд зориулсан бүх тусламжийн зүйлс нь машин дотроо байдаг болсон. Үнэхээр сайхан. Одоо зам харилцаа сайжирч, машин техник хүртэл гоё хурдтай, зөөлөн сайхан болжээ.

 

-Дуудлагад явж байх үед тохиолдож байсан дурсамжаа хуваалцана уу?

-Энэ олон жил юуг эс үзэхэв. Туршлагатай сайн, гавьяат эмч нартай явж байлаа. Шинэ төгссөн залуу эмч нартай ч явж байлаа. Бүр УАЗ-469 машиндаа шинэ эмчтэй явж байхдаа хүүхэд төрүүлж, эх барьж хүртэл авч байсан. Тэр үед багаж, хэрэгсэл дутмаг хэцүү байлаа. Цамцандаа хүртэл боогоод л авах үе байсан. Хүнд өвчтөнийг 3-р шатлалын Улаанбаатар хотын 2, 3-р эмнэлэг, Халдвар, Хавдар, Гэмтэл гээд л хүргэнэ.


 -Түргэний жолооч хүний онцлогийг тодруулбал?

-Одоо зам сайхан засмал болж, хугацаа хүртэл хожиж байна шүү дээ. Бид дуудлага аваад 5-6 цаг шороон замаар хүнд нөхцөлд явдаг байсан бол одоо 4 цаг давхиад л хүрч байх жишээтэй.

 

Ингэж явахад жолоочийн хариуцлага маш чухал. Ялангуяа түргэний жолооч бол анхаарал сайтай, болгоомжтой, хурдаа хаанаа хасах, хаанаа нэмэх, ямар нөхцөлд хэрхэн явах гэдгээ маш сайн тооцож явах ёстой болдог. Эмч, сувилагч нар бол хурдлаарай, давхиарай л гэдэг. Олон удаа явсан замаа бараг хаанаа ямар гэмтэл, ямар нөхцөл үүссэн байгааг мэддэг болсон учраас жигд сайхан, бүгдийг тохируулж явах ёстой. Бас тээж яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангах хэрэгтэй.

 

Бас нэг онцлог зүйл бол түргэний жолооч ганц В ангиллын биш байх хэрэгтэй. Яагаад гэвэл цэрэг татлага ч юм уу, өөр хагалгааны баг аваад гарах ч юмуу, ямар нэгэн чухал нөхцөлд олон хүн суулгаад явах хэрэг гарсан үед ямар ч машиныг том, жижиг гэлтгүй барьж сурсан байх шаардлага тулгардаг. Би жижиг тэрэг барьдаг, том машин тухайлбал пургон барьж чадахгүй гээд зогсох эрх түргэн тусламжийн жолоочид байхгүй.

 

-Бас жолооч хүн машинаа бэлэн байдалд байлгах нь хамгаас чухал байх даа?

-Машины бүрэн бүтэн байдлыг хангах бол нэгдүгээр ажил. Алс замд гарахдаа “за 2-лаа сайн яваад ирнэ шүү” гээд машинтайгаа ярилцаад л гардаг юм. Миний хувьд дор хаяж 5-аас дээш жил ажилласан, жаахан ч гэсэн туршлага суусан жолоочийг авч байвал зүгээр гэж боддог. 45 хоногийн дамжаа төгссөн жолоочтой харьцуулахад өөр шүү дээ.

 

Хүний амьтай холбоотой, хариуцлагатай, өдөр, шөнө, байгалийн ямар ч нөхцөлд, цаг агаар муу гэж зогсохгүй, эмч нараа аваад л гардаг ажил шүү дээ. Нэг ёсондоо хагас цэргийн зохион байгуулалттай гэсэн үг. Дөнгөж алсын дуудлагаас ирэхэд нөгөө машин маань явсан нөхцөлд дахиад л явах үе ч гардаг. Ямар ч нөхцөлд жолооч, машин 2 бэлэн байх ёстой.

 

-Хамгийн сайхан мөчөө хуваалцахгүй юу?

-Хүнд хүн аваад гарахдаа бушуухан очих ёстой эмнэлэгт нь “халуун чихийг нь атгуулчих юмсан” гэж боддог. Миний ажиллах энэ хугацаанд авч гарсан хүнд хүнийг замд муу мэдээтэй авч явсан зүйл азаар таарч байгаагүй. Энэ бол сэтгэлд сайхан байдаг.

 

Аль ч хүнд нөхцөлийг даваад одоо аюулгүй гэж хэлэх эмчийн үгийг сонсоод ар гэрийнхэн нь баярлаж байх мөчийг харах үнэхээр сэтгэл уужраад, нэг л сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Үнэхээр эмч, сувилагч нараараа бахархаж, баярлууштай байдаг даа.


Хамт олондоо эвийг хичээж ихийг бүтээж амжилт бүтээлээр дүүрэн байж улс, аймагтаа тэргүүлж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

 -Танд баярлалаа.



Холбоотой мэдээ