Солонгосын алдарт дуучин Тэ Ян Монголд тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Солонгосын алдарт “Big Bang” хамтлагийн гишүүн Тэ Ян Монголд зургаадугаар сард тоглолтоо хийхээр болжээ.
Улаанбаатар хотод зургаадугаар сарын 21-нд болох “Супер концерт-2025” шоу тоглолтын онцлох уран бүтээлч нь Тэ Ян байх юм. Хэдийгээр бие даасан тоглолт биш ч тэрбээр тайзан дээр багагүй хугацааг өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Өдгөө 37 настай түүний түүний жинхэнэ нэр нь Дон Янг Бэй. Харин тайзны буюу уран бүтээлийн нэр нь Тэ Ян юм. Солонгосоор орчуулбал “Нар” гэсэн утгатай. Тэ Яныг 12 настайдаа “A-yo” дууны клипэд тоглосноос хойш “YG Entertainment”-ынхан түүнийг бэлтгэж эхэлсэн байна. Улмаар 2006 онд “Big Bang” хамтлагийн гишүүнээр дебютээ хийжээ.
Бүжгийн чадвар, хоолойны чадлаараа хамтлагийнхнаа тэргүүлдэг Тэ Ян мөн 2019 онд 21 сарын цэргийн албаа дуусгаж, Тэ Сонтой хамт халагдсан. Мөн Тэ Ян хамтлагийн залуусаасаа хамгийн түрүүнд эхнэр, хүүхэдтэй болж, фэнүүдээ баярлуулж байжээ. Тэрбээр Солонгосын жүжигчин Мин Хё Ринтэй 2014 онд “1AM” дууныхаа клипний зураг авалтын үеэр танилцаж, 2018 онд гэрлэсэн байна. Тэд хүүтэй болсноо албан ёсоор зарласан ч удалгүй тус тусын амьдралаа хөөсөн байдаг. Учир нь, энэ үед Тэ Ян дэлхийг тойрсон аялан тоглолтоо эхлүүлж, гэр бүлдээ цаг бага зарцуулсан нь нөлөөлсөн тухай хэвлэлүүд бичиж байсан юм. Дурлалт бүсгүйгээ санасан сэтгэлээ дуу болгон буулгасан тэрбээр энэ үеэрээ “Eyes, nose, lips” хэмээх хит дуугаа зохиожээ.
Энэ тухайгаа “Одоо бодоход би болзож байсан туршлагагүй учраас яах ёстойгоо өөрөө ч мэдэхгүй байсан. Тэр маш их сэтгэлээр унасан байх. Би түүнийг санасан сэтгэлээ шингээн “Eyes, nose, lips” дуугаа бичсэн” хэмээжээ.